Сүүлийн өдрүүдэд дэлхий дахинд дуулиан дэгдээгээд байгаа Хятадын компанийн хөгжүүлсэн DeepSeek хиймэл оюунт чатботын хандалтыг хааж, ашигласан өгөгдлийн эх сурвалжийг нь мөрдөн шалгаж эхэлснээ Италийн эрх баригчид өчигдөр зарлажээ.
Тус улсын мэдээллийн аюулгүй байдлын албанаас гаргасан мэдэгдэлд “DeepSeek чатботын үйлчилгээг үзүүлэгч Hangzhou DeepSeek Artificial Intelligence, Beijing DeepSeek Artificial Intelligence компаниудын Италийн хэрэглэгчдийн өгөгдлийг ашиглах үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоох арга хэмжээ” авснаа дурдсан байна.
Мөн Италийн хэрэглэгчдийн өгөгдлийг ямар эх сурвалжаас авч ашигласан талаар тодруулгад өгсөн DeepSeek компанийн мэдээлэл хангалтгүй байсан тул мөрдөн шалгах ажлыг эхлүүлснээ зарлажээ.
DeepSeek компани хиймэл оюуны системээ сургахдаа интернэтийн нээлттэй эх сурвалжуудаас их хэмжээний өгөгдөл авч ашигласан бол үүнийгээ эзэн, өмчлөгчдөд нь мэдээлж, зөвшөөрөл авсан байх ёстой гэж Италийн эрх баригчид үзэж байна.
Өнгөрсөн сард Италийн зохицуулах байгууллага бас ийм шалтгаанаар АНУ-ын OpenAI компанийг 15 сая еврогоор торгож байсан юм. Гэхдээ OpenAI энэ торгуулийг шүүх дээр давж заалдахаа мэдэгдээд байгаа.
2023 оны гуравдугаар сард Италийн тал тус компанийн ChatGPT чатботыг түр хугацаанд өөрийн нутаг дэвсгэрт хориглож байв.
Ингэснээр Итали нь ийм арга хэмжээ авсан Өрнөдийн анхны улс болж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!