Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудыг Авлигатай Тэмцэх Газраар шалгуулна
Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны Техникийн хэлтсийн зүгээс өнөөдөр тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Дагвадорж, Дэд нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, Санхүүгийн албаны дарга асан С.Монголжингоо нарыг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т шалгуулахаар болжээ.
МХБХ-ны удирдлагуудыг хууль бус дүрэм зөрчсөн үйлдэлд нь шалгуулах хүсэлтэй байгаагаа тэд илэрхийлсэн юм. Тус холбооны үйл ажиллагаа, санхүүгийн зарцуулалтыг шалгах зорилгоор Ажлын хэсэг байгуулагдаад шалгаж байгаа юм.
Ажлын хэсгийнхний зүгээс олон ноцтой зөрчил илрүүлснийг үндэслэн АТГ-д шалгуулахаар хандсан юм.
Үүнд
- Холбооны санхүүгийн зарцуулалтыг үндэслэлгүйгээр нэмсэн,
- Албан тушаалаа ашиглаж Т.Дагвадорж, С.Монголжингоо нар нь хувь хүмүүс, хуулийн этгээдээс их хэмжээний зээл авсан нэрээр хуурамч гэрээ байгуулж, өр үүсгэдэг байж болзошгүй,
- Олон Улсын болон Азийн Хөлбөмбөгийн холбооны дэмжлэгээр баригдсан холбооны оффис, талбай, Төв аймаг дахь бэлтгэлийн бааз зэргийг хууль дүрэм зөрчиж, банканд барьцаалсан,
- Удирдлагууд нь холбоонд орж ирсэн орлогын 10 хувийг хувийн дансандаа завшдаг,
- МХБХ нь FIFA-гийн үндсэн дүрмийг жишиг болгон мөрдөх үүрэгтэй ч олон дүрмийг зөрчиж, Олон Улсад Монголын нэрийг унагасан,
- Гадаад, дотоодын байгууллагуудтай МХБХ-ны нэрийг барьж, өндөр дүнтэй гэрээг нууцаар байгуулж, олсон орлогын хувийг хувьдаа завшсан зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
