Монголын цахим худалдааны сувгийг нэг шат ахих гүүр болж TEMU онлайн худалдааны платформ Монголд албан ёсоор нэвтэрлээ. Энэхүү платформыг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр “MN Post”, “UBCab Express”, “China Post”, “Tonda Global” зэрэг компаниуд хамтран ажиллаж байна.
ТEMU бол Хятад улсын хамгийн том худалдааны платформ “Pinduoduo” компанийн олон улсад гарсан платформ юм. Олон улсад “Pinduoduo” компанийн нэр “TEMU” хэмээн гардаг. Тус компанийн гол зорилго нь дэлхийд хамгийн хямдаар хүний хэрэгцээг хангасан дундаж болон дундаас дээш чанартай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд чиглэдэг. TEMU нь дэлхийн олон оронд нэвтэрсэн бөгөөд Amazon, Ebay зэрэг томоохон олон улсын худалдааны платформуудтай өрсөлдөж буй.
Ингээд Монголын зах зээлд олон улсын сайт систем холбох ажлыг UBCab Express болон MN Post хамтран амжилттай холбож чадсан юм. Уг хариуцлагатай, олон улсын нэр хүндтэй ажилд манлайлан ажиллаж буй “UBCab Express” компанийн Гүйцэтгэх захирал Ө.Батзориг болон “MN Post” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Бат-Амартай ярилцсанаа хүргэе.
-TEMU Монголд орж ирснээр ямар боломжууд бүрдэх вэ?
-UBCab Express компанийн Гүйцэтгэх захирал Ө.Батзориг: Нэгдүгээрт, олон улсаас болон БНХАУ-аас худалдаж авдаг ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг 3-10 дахин хямд үнээр худалдаж авах боломж бүрдэж байна.
Хоёрдугаарт, TEMU платформоос захиалсан хэрэглэгчийн бараа хэрэглэгчдэд хүрэхдээ олон улсын тээвэр, дотоодын болон Монгол Улсын 21 аймгийн бүх тээвэр үнэгүй хийгдэнэ. Тухайн хэрэглэгч барааныхаа мөнгийг нэг удаа төлөөд нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй. Бүх бараа, бүтээгдэхүүн нэмэлт төлбөргүйгээр хэрэглэгчийн захиалсан хаягийн дагуу хэрэглэгчийн гарт хүргэгдэнэ.
Гуравдугаарт, монгол иргэн, айл өрх болгон худалдан авалт хийхдээ 3-10 дахин хэмнэлт хийх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдэдээ ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх, хадгаламж үүсгэх зэрэг орлогын үүсвэрүүд бүрдэх боломж үүсэж байна.
Тодруулбал, бид олон дундын зуучлагч, тээврийн өндөр хөлс, сонголтын хумигдмал байдлыг багасгаж байгаа юм. Тийм учраас Монгол Улс дэлхийн зах зээлтэй нэг алхам ойртсон гэж хэлж болно. Түүнчлэн тогтмол орлоготой, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж уг ажлын хүрээнд нэмэгдэж байгаа нь тун сайшаалтай байгааг онцлох нь зүйтэй.
-Энэ хамтын ажиллагааг эхлүүлэх болсон түүхээ хуваалцвал?
-MN Post ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Бат-Амар: “MN Post” компани Монголд анх TEMU платформыг оруулж ирэх санаачилгыг гаргасан юм. Монгол улсдаа дэлхийд өрсөлддөг томоохон платформыг оруулж ирнэ гэдэг нь нэлээд том даваа байлаа. Олон сарын хүч, хөдөлмөрийн үр дүнд Монголд албан ёсоор оруулж ирж чадлаа. Хамтын ажиллагаа гэдэг маш чухал. TEMU нь Монголын зах зээл дээр биеэ дааж орж ирж буй анхны цахим худалдааны компани. Дэлхийн зах зээлд өрсөлддөг компанийг Монголд оруулж ирэхийн тулд бидэнд хүн болон дэд бүтцийн тулгуур хэрэгтэй болсон.
Энэ ажлыг ганц компани бие даан энэ том төслийн хэрэгжүүлж, дааж явна гэдэг маш том сорилт, боломж ч бага. Иймд бид боломжит бүх компанитай харилцаа, холбоо тогтоож, судалгаа хийж ажилласан. Монголчууд бид эвтэй, хамтдаа байхдаа хүчтэй гэдэг. Энэ утгаараа Монгол улсдаа хүн хүч, дэд бүтэц сайтай UBCab Express компанитай хамтран ажиллах санал тавьснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Энэ үеэс UBCab Express уг төсөл дээр оройлон манлайлж, маш их хүчин чармайлт гаргаж ажилласан. Цаашдаа ч хамтын ажиллагаа үргэлжлээд явна гэж харж байна.
-UBCab Express компанийн Гүйцэтгэх захирал Ө.Батзориг: Саяхан мэт санагдавч, бид маш богино хугацаанд чадварлаг технологийн багийнхан болон 50,000 жолооч нарынхаа дэмжлэгтэйгээр уг төслийг ажралгүй эхлүүлж чадсан гэж харж байна. TEMU онлайн худалдааны платформыг Монголд оруулж ирэхийн тулд, манай технологийн багийн залуус технологийн олон шинэлэг ажлыг хийсэн. Үүнд: Хаягжилтын систем, олон улсын тээвэр хяналтын систем зэрэг хөгжүүлэлтийг маш богино хугацаанд хийх хэрэгцээ шаардлага үүссэн. Шаардлагыг ч олон улсын хэмжээнд маш амжилттай тогтоосон цаг хугацаанд хийж чадсан явдал бидний хувьд том амжилт байлаа.
-Дэлхийд өрсөлддөг цахим худалдааны платформ болохоор олон шаардлагууд тавьж байгаа гэлээ. Ямар шаардлагуудыг хангаж ажиллаж байгааг илүү дэлгэрэнгүй тайлбарлавал?
-UBCab Express компанийн Гүйцэтгэх захирал Ө.Батзориг: Энэхүү үйл ажиллагаанд оролцож буй бүх компаниуд хугацааны хязгаартай ажилладаг. Хэрэв хүргэлтийн хугацааны хязгаараа хэтэрсэн тохиолдолд торгууль төлдөг зарчимтай.
Хоёрдугаарт, үйлчилгээний стандарт шаардлагыг биелүүлэх шаардлагатай байдаг. Тухайн бараа, бүтээгдэхүүнийг даатгуулах, сав, баглаа боодлыг нь хөндөхгүй байх, хэрэглэгчийн гарт ямар нэгэн байдлаар заавал хүргэх ёстой гэх мэт олон шаардлагууд бий. Түүнчлэн, бид хэрэглэгчээс өгч байгаа санал, гомдол, мэдээлэл болгоныг минут, секунд алдахгүй олон улсын платформ болон бизнесийн компаниуд хоорондын үйлдвэрүүдэд шууд мэдэгдэх үүргийг хүлээж ажилладаг. Тэгэхээр Монголд байгаа хэрэглэгч хэрэв асуудалтай бараа бүтээгдэхүүн хүлээж авсан тохиолдолд бид тухайн мэдээллийг үйлдвэрлэж байгаа газар руу нь өгч байгаа гэдгээрээ онцлог юм.
-“MN Post” болон “UBCab Express” компани ямар оролцоотойгоор хамтран ажиллаж байна вэ?
-MN Post ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Бат-Амар: “MN Post” компани уртын тээврийг нь бүрэн хариуцаж ажиллаж байна. Уртын тээвэр гэдэг нь Монгол-Хятадын хилээс Улаанбаатарын гаалийн хяналтын бүс хүртэлх тээврийг хариуцан ажилладаг гэсэн үг юм. Энэхүү уртын тээврийг одоогоор Эрээнээс Улаанбаатар хүртэл байж болох хамгийн хурднаар хийж байна. Тодруулбал, оройдоо гараад өглөөдөө Улаанбаатар хотод уг тээвэр ирдэг юм. Хил дээр саатахгүй. Бид сүүлийн 30-иад жил тасарсан байсан шуудангийн тээврийг шинээр сэргээн ажиллаж чадсан гэдгийг энэ ташрамд онцолмоор байна. TEMU платформд захиалсан бараанууд бүгд Монгол Улсын хилээр албан ёсоор мэдүүлэгтэй орж ирж байгаа гэдгээрээ давуу талтай.
UBCab Express компанийн Гүйцэтгэх захирал Ө.Батзориг: “UBCab Express” компанийн хувьд 50,000 орчим жолоочтой. Иймдээ ч тухайн барааг Улаанбаатар хот дотор болон 21 аймаг, 330 суманд буй хэрэглэгчийн гарт, гэрт хүргэж өгөх хүргэлтийн үйлчилгээг зохион байгуулж байна.
Ингэхдээ Улаанбаатар хотод бүсчилсэн чиглэлд жолооч нартаа ачааг хуваарилан гаргадаг. Ингэснээр хэрэглэгчийн гарт ачаа очих хурдыг нэмэгдүүлэх, улмаар тухайн жолоочийн тогтмол орлого, үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Цаашид манай хүргэлтийн үйлчилгээ улам боловсронгуй болж, дотоодын хүргэлтийн үйлчилгээний соёл, чанарыг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэдэгт итгэлтэй байна.
-Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ. Цаашдын алсын хараагаа хэрхэн тодорхойлж байна вэ?
-UBCab Express компанийн Гүйцэтгэх захирал Ө.Батзориг: Хамтын ажиллагааны хүрээнд TEMU компанийн үндсэн теле системтэй холбогдсон. Монгол хэл дээр аппликейшнтэй болсон бөгөөд манай компаниудын трак дугаарууд явж байгаа. Мөн гаалийн болон өргөн хэрэглээний бүх мэдүүлгүүд тухайн цаг, минут, секунд тутамд очиж байна. Бид үйл ажиллагааны хувьд том холболтыг хийсэн. Иймд компаниуд бие биеийнхээ ажлыг хянаад ажиллах боломж бүрдсэн.Түүнчлэн, олон улсын системийн хувьд хамтын ажиллагаагаа баталгаажуулсан. Энэ нь хэрэглэгч тухайн бараагаа хаана явж байгаа мэдээллийг минут, секунд болгон гар утас болон веб дээр харах буюу бүрэн хянах боломжтой гэсэн үг.
Монголын хамгийн мэдлэг боловсролтой, ур чадвартай өндөртэй залуус энэ төсөл дээр ажиллаж байна. Үүнийг бид хийж чадсанаар дараа дараагийн энэ салбарт ажиллах компаниудад болон энэ үндсэн шугамаар Монголын экспорт хийх боломж бүрдэх байх. Худалдааны салбарт бид маш олон шинэчлэлүүдийг авирч байгаа гэж бодож байна. Бидний цаашдын зорилго бол Монгол айл өрх, хүн болгонд маш өндөр сонголттой, дэлхийн бүх улсуудаас бараа, бүтээгдэхүүнийг 7-9 өдрийн дотор бараа захиалж, хүлээж авдаг болох юм.
-Хэрэглэгчдэд хандаж хэлэх зүйл байна уу?
-MN Post ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Бат-Амар: TEMU Монголд орж ирсэн болохоор хэн ч байсан appstore эсвэл playstore-оос татаж аваад хэрэглэх бүрэн боломжтой. Ялангуяа англи хэлгүй байсан ч монгол хэл дээр бараагаа захиалаад, хүргүүлээд авах боломжтой. Хэрэглэхэд маш энгийн. TEMU платформыг хэрэглэх гэж байгаа хэрэглэж байгаа хүмүүст та Монголоосоо гадагшаа нэг алхам бүрэн гишгэх боломжтой боллоо гэж хэлмээр байна.
-UBCab Express компанийн Гүйцэтгэх захирал Ө.Батзориг: Та үйлчилгээ авч байгаа бол үйлчилгээнийхээ санал хүсэлтийг аппликейшн болон вебээр өгөөрэй.
TEMU компанийн Монгол Улсын зах зээл дээр санал болгож байгаа хамгийн том давуу талууд нь TEMU апп дээр Монгол хэлээр хайлт хийж, төгрөгийн дансаараа төлбөрөө төлж, гэрийн хаягаараа нэмэлт төлбөргүй хүргүүлж, хэрэв захиалсан бараа нь томдсон багадсан, дутуу ирсэн, сэтгэлд нь нийцээгүй бол буцаах боломжийг хүртэл санал болгож байна. Энд хэрэглэгчийг хохироох ямар ч нөхцөл бүрдээгүй. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан маш том хяналтыг систем ажиллаж байна. Та үнэн болов уу? Ирэх болов уу? гэж санаа зовних хэрэггүй. TEMU апп-г татаж аваад л, ахуйн хэрэглээний хэдэн мянган бараанаас сонголтоо хийгээрэй. Танд хэний ч тусламж хэрэггүй. TEMU апп таны мэдэлд.
-Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!