Уншиж байна ...

Маргаашаас нийтийн тээвэрт өдөрт ₮1,000-өөр хугацаа, чиглэл хамаарахгүйгээр зорчдог болно

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 14 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн бодлогын газраас нийтийн тээврийн шинэ систем болон иргэд 1,000 төгрөгөөр зорчих асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тариф 2014 онд нэг удаа нэмэгдэж байснаас өөр өөрчлөлт орж байгаагүй ба энэ жил Нийслэлийн ИТХ, Засаг даргын санаачилгаар иргэдэд таатай нөхцөл боломжийг олгох зорилгоор үнэ тарифт дараах өөрчлөлтийг оруулжээ. 

Энэхүү өөрчлөлт нь үнэ нэмэгдсэн гэсэн үг биш бөгөөд өмнө нь зорчигч өглөө гэрээсээ ажил, орой ажлаасаа гэр хүртлээ 500, 500 төгрөг нийт 1,000 төгрөгөөр зорчдог байсныг дөрвөн удаа буюу тухайн хүнд хоёр удаа нэмэлт зорчилт хийх хувилбарыг олгож байгаа юм байна.  

Тодруулбал хоёр автобус дамжиж ажилдаа явдаг хүн өглөө, оройдоо дөрвөн зорчилт хийдэг. Өмнө нь 30 минутад багтаж дамжин суулт хийж болдог байсан бол шинэ тогтоолоор энэхүү хугацааны нөхцөл байхгүй болсон ба хугацаа харгалзахгүйгээр өдөртөө 1,000 төгрөгөөр дөрвөн удаа зорчиж болохоор болгосон байна. 

Мөн өмнө нь дамжин суулт хийхэд дараагийн автобус нь өөр чиглэлийнх байх шаардлага байдаг байсныг байхгүй болгож адил чиглэлийн автобусанд суух боломжтой болжээ. 

Нийтийн тээвэрт U-money болон шинэ гэсэн хоёр систем үйлчилж байгаа ба U-money карт ашиглаж байгаа бол суухдаа картаа уншуулж, буухдаа мөн картаа уншуулж байж дараагийн дамжин суулт хийх эрх үүсэх юм байна. 

Киоск машинаас авсан шинэ картын хувьд суухдаа картаа уншуулсан байхад өдөрт дөрвөн зорчилт хийх эрх нь үүсэх юм байна.