Нийтийн тээврийн бодлогын газраас нийтийн тээврийн шинэ систем болон иргэд 1,000 төгрөгөөр зорчих асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийтийн тээврийн шинэ системийн хүрээнд Улаанбаатар хотын 100 байршилд карт худалдаж авах, цэнэглэж болох киоск машиныг байршуулсан байна. Мөн нийтийн тээврээр байнга зорчдоггүй иргэн тус киоск машинаас карт авахгүйгээр автобусаар зорчиж болох нэг удаагийн QR код авч болох юм байна.
Түүнчлэн цөөн автобусны буудлууд дээр лед самбарыг байршуулсан ба тус самбараар тухайн автобусны зогсоол дээр дамжин өнгөрөх бүх тээврийн хэрэгслүүдийн мэдээллээс гадна хамгийн эхний автобус хэдэн буудлын цаана байгааг мэдээлж байгаа аж.
Шинээр “UBCard” гар утасны аппликэйшнийг хийсэн ба автобусны картаа цэнэглэх, нийтийн тээврийн цагийн хуваарь, үйлчилж буй тээврийн хэрэгслийн тоо зэрэг бүхий л талын мэдээллийг авах боломжтой юм байна. Тус аппликэйшн нь маргаашаас буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс ажиллагаанд орох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!