Уншиж байна ...

АНУ-ын Сенатын сонсголын үеэр Хятадын хиймэл оюуны мэргэжилтнүүдийг “урвуулах” санаа яригдав

Т.Давааням, ikon.mn
1 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Вашингтонд болсон АНУ-ын Сенатын гадаад бодлогын байнгын хорооны сонсголын үеэр Хятадын хиймэл оюуны сайн мэргэжилтнүүдийг “урвуулан авах” санаа яригджээ.

Сонсголын үеэр саяхан Хятадын компанийн хөгжүүлсэн DeepSeek хиймэл оюуны загвар АНУ-ын зах зээлийг доргиосон асуудлыг хэлэлцсэн юм байна.

“Тэдний шилдэг инженерүүдийг урвуулах хэрэгтэй. DeepSeek-ийн ард ажиллаж буй инженерүүд АНУ-д ажиллавал бидэнд ашигтай” гэж Вашингтонд төвтэй Atlantic Council судалгааны хүрээлэнгийн Хятадын хэлтсийг хариуцсан захирал Мелани Харт хэлжээ.

Ингэхийн тулд Хятадын эх газраас ирж суралцаж буй оюутнуудад ирээдүйн баталгааг нь өгөх хэрэгтэйг тэр хууль тогтоогчдод зөвлөсөн байна. “Хятадын мэргэжилтнүүдэд амьдралын баталгаа өгөх тал дээр бид Бээжинг дийлэх боломжтой” гэж Харт хэлжээ.

Дээрх сонсголын үеэр АНУ-ын оюуны өмч болон үндэсний ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах, шилдэг мэргэжилтнүүдийг хэрхэн тогтоон барих асуудлыг хэлэлцсэн юм.

Сүүлийн жилүүдэд АНУ-д өөрийн технологийг Хятадад алдахаас сэргийлэх асуудал хурцаар яригдаж, гол технологийн хөгжүүлэлтийн төслүүдэд Хятадын мэргэжилтнүүдийн оролцоог хязгаарлах хандлага бий болсон.

Үүнтэй холбоотойгоор АНУ-д ажилладаг олон хятад мэргэжилтэн, судлаачид эх орондоо буцах болсон байна.

Гэхдээ Хартын танилцуулсан санаа хэрэгжихэд зарим саад бэрхшээл байгааг Сенатын гадаад бодлогын байнгын хорооны дарга, Бүгд Найрамдах намаас Айдахо мужийг төлөөлдөг хууль тогтоогч Жим Риск анхааруулжээ.

“Оюутнууд энд сурсныхаа дараа эх орондоо буцах хэрэгтэй болдог. Хэрвээ тэд буцахгүй бол ард үлдсэн гэр бүл нь хэцүү байдалд орно. Хятадын засгийн газар юу хийж чадахыг бид бүгд мэдэж байгаа” гэж тэр санаагаа тайлбарласан байна.

Энэ үеэр бас зарим судлаачид Хятад улсад технологио алдахгүй байхад илүү их анхаарал тавьж ажиллах хэрэгтэй байгааг илэрхийлжээ.

“Манай судалгаа шинжилгээний экосистемд Хятад улсын явуулж буй түрэмгий үйл ажиллагааны цар хүрээг бид сайн мэдэхгүй байна. Төрийн департамент шинжлэх ухааны судалгааны нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд БНХАУ-д оногдуулах бодит шийтгэлийг хүчтэй болгож, зохицуулалтын цоорхойг нөхөх, дагаж мөрдөх механизмыг бэхжүүлэхэд онцгой анхаарах ёстой” гэж Виржиниа мужид төвтэй Судалгааны Аюулгүй Шударга Байдлын төвийн мэргэжилтэн Жеффри Стоф хэлсэн байна.

Нөлөө нь улам бүр өсөн нэмэгдэж буй DeepSeek, RedNote зэрэг Хятадын платформуудын эсрэг АНУ яаж тэмцэх ёстойг Небраска мужийн сенатор Пэт Рикеттс асуухад Jamestown Foundation стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Питер Мэттис богино дүрс бичлэгийн ТикТок платформтой харьцаж байгаа арга барилыг хэрэглэхийг зөвлөжээ.

Хятадын ByteDance компанийн эзэмшдэг ТикТок платформ өнөөдөр АНУ-ын зах зээлд 170 сая орчим хэрэглэгчтэй болоод байгаа юм.

АНУ-ын Конгресс үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр уг платформын эзэмшлийг солихгүй бол зах зээлдээ хориглох нөхцөл тулгаж байгаа.

“Бид энэ асуудал дээр ТикТокт хэрэглэсэнтэй ижил аргыг хэрэгжүүлэх ёстой. Хятадын эзэмшлээсээ татгалзахгүй бол манай зах зээлд ажиллахгүй гэсэн хатуу нөхцөлийг тулгах хэрэгтэй” гэж Мэттис хэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press