Уншиж байна ...

Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
3 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Яармагийн Арцатын амнаас Нэгдүгээр хороолол хүртэл иргэдэд үйлчлэх дүүжин тээврийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ. Одоо нарийвчилсан ажлын зураг төслийг магадлах шатандаа шилжсэн байна.

Газар чөлөөлөлтийн ажил дууссан тул дүүжин тээврийн барилга угсралтын ажлыг хоёр сарын дараа буюу 2025 оны гуравдугаар сард эхлүүлэхээр болсныг холбогдох албаныхан мэдээллээ.

Төслийн тоног төхөөрөмжүүдийг Франц улсаас авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар буудал хооронд болон 19 тулгуурын холбогч анкорууд Улаанбаатар хот дахь төслийн талбайд буужээ. Харин Т1-Т8 тулгуур багана болох нийт 46 чингэлэг тоног төхөөрөмж дөрөвдүгээр сард ирэх юм байна.

Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл дүүжин тээврээр явах замын урт 4.2 километр бол хоёр буудалтай, хоёр буудлын хооронд 11 минут зарцуулна. Тээвэрлэх хурд 22 км/цаг, тэсвэрлэх салхины дээд хурд 70км/цаг, 10 хүний багтаамжтай 98 кабинтай байхаар төслийг баталжээ. Дүүжин тээврийн кабин нь ган татлагатай, өвөлдөө суудал нь халдаг тул бүхээг дотроо аль ч улиралд дулаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой байна.

2025 оны зургаадугаар сар гэхэд дүүжин тээврийн үндсэн цамхаг болон кабинуудыг угсарч дуусгасны дараа бүтэн зургаан сарын хугацаанд зорчигч суулгахгүйгээр туршилтын тээвэрлэлт хийх дүрэмтэй.

Агаарын дүүжин тээврийн төслийг Францын Засгийн газрын нийт 316 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Ингэхдээ эхний шугам буюу Яармаг-Хархорин чиглэлийн бүтээн байгуулалтад 148 тэрбум төгрөгийг зарцуулах аж.