Уншиж байна ...

11 настай монгол хүүхдүүдийн 25 хувь нь хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин хийлгэжээ

Г.Мөрөн, iKon.mn
6 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан болсон хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2024 оноос Үндэсний товлолт дархлаажуулалтад нэвтрүүлж 11 настай хүүхдүүдийг дархлаажуулж байна.

Одоогоор 11 настай 21,000 орчим хүүхдийг дархлаажуулжээ. Энэ нь хамрагдах ёстой хүүхдүүдийн 1/4 нь вакцинаа хийлгэсэн гэсэн үг юм

Дэлхий дахинд хүний папиллома вирус(ХПВ)-ийн 200 гаруй хэвшинжийг судалж тогтоосон бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүнд үтрээ, гадна бэлэг эрхтэн, шодой, ам, залгиур, хошного, умайн хүзүүний хорт хавдар(УХХХ) зэрэг зургаан төрлийн хорт хавдрын шалтгаан болдгоос гадна бэлгийн үү, ургацаг амьсгалын замын үү папилломатоз үүсгэдэг.

ХПВ нь ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд УХХХ-ын 75% нь ХПВ-ийн 16 болон 18 хэв шинжээр үүсгэгддэг байна. Насанд хүрсэн хүн амын 80% нь амьдралынхаа аль нэг үед энэ вирусийн халдварт өртдөг. Хавдар хожуу үе хүртлээ шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг бөгөөд ХПВ-ийн халдвартайгаа мэдэхгүйгээр бусдад халдвар дамжуулах боломжтой

Умайн хүзүүний хорт хавдар (УХХХ)-ын өвчлөл Дэлхий дахинд 100,000 хүн тутамд 14.1 тохиолдол бүртгэгддэг бол  Монгол Улсад 100,000 хүн тутамд 20.2 тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нь манай улсын УХХХ-ын өвчлөл, нас баралтын түвшинг дэлхий, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудтай харьцуулахад өндөр, Азийн улсууд дундаа Индонез, Мальдив, Мьянмар зэрэг улс орны дараа дөрөвдүгээр байранд орж байна.

Манай улсын хорт хавдрын 2023 оны тайлангаар 425 эмэгтэй УХХХ-аар оношлогдсон нь нийт оношлогдсон хорт хавдрын дөрөвдүгээрт, эмэгтэйчүүдийн дундах хорт хавдруудаас элэгний хавдрын дараа хоёрдугаарт орж байна. 2023 онд УХХХ-ын улмаас 160 эмэгтэй эндсэн нь хоёр өдөр тутамд нэг эмэгтэй нас барж байна гэсэн үг юм.

Дэлхийн 150 гаруй улс орон ХПВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн байна.

ХПВ-ийн эсрэг Гардасил (GARDASIL) вакцин нь АНУ-ын Мерк Шарп үйлдвэрийн ХПВ-ийн 6, 11, 16, 18 дугаар хэв шинжийн халдвараас сэргийлэх рекомбинант вакцин ба нэг хүн тунгаар савлагдсан, ДЭМБ-ын чанарын шаардлага болон АНУ-ын Хүнс, эмийн байгууллага, Европын эмийн агентлаг зэрэг олон орны үндэсний зохицуулах агентлагаас зөвшөөрөлтэй бөгөөд аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосон баталгаатай вакцин юм.

Вакцин нь хүний биед урт хугацаанд үзүүлсэн сөрөг гаж нөлөө байхгүй бөгөөд харин ч олон төрлийн хавдрын өвчлөлийг бууруулсан талаар олон улсын судалгаанууд байдаг.

Тухайлбал АНУ, Австрали, Дани, Шотланд зэрэг вакцин нэвтрүүлсэн олон оронд УХХХ-ын 16, 18 хэвшинжийн тархалт 66-83 хувь буурч, хөвгүүдийн бэлгийн үү 48 хувиар буурсан үр дүнтэй байна. 

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам