Уншиж байна ...

Л.Байгаль: Менингококкын халдвар авсан гурван настай хүүгийн биеийн байдал маш хүнд байгаа

П.Сайнжаргал, IKON.MN
7 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн Mpa.mn

Налайх дүүрэгт менингококкын халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус дүүргийн Онцгой комисс, Эрүүл мэндийн төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. 

Менингококкт халдварын тохиолдол илэрсэн тул Налайх дүүргийн зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн талаар мэдээлсэн.

Энэ талаар "Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний өглөө 08:30 цагт гурван нас долоон сартай эрэгтэй хүүхэд Налайх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвд маш өндөр халуунтай ирж үзүүлсэн.

Өрхийн эмч анхан шатны үзлэгээр менингококкын сэжиг илэрсэн байна гэж үзэж, Налайх дүүргийн халдвартын тасагт тээвэрлэн ирүүлсэн.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн Тандалтын албанд 10:20 цагт мэдээлж, шинжилгээг лабораторид өгсөн. Нэгдүгээр сарын 29-ний 17:50 цаг орчимд шинжилгээний хариу ЭЕРЭГ гарч менингококк халдвар болох нь тогтоогдсон.

Налайх дүүргийн Онцгой байдлын комисс болон шуурхай штабыг яаралтай хуралдуулан хариу арга хэмжээг авч ажиллаж байна" гэдгийг албаныхан мэдэгдлээ. 

Үргэлжлүүлэн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль "Өнөөдрийн байдлаар менингококк халдварын батлагдсан тохиолдол НЭГ байгаа. Зарим хэвлэл мэдээллээр гурван тохиолдол гэж ташаа мэдээлж байгааг залруулъя.

Уг хүүхэд цэцэрлэгт явдаг бөгөөд 28-ны шөнө халуурч хоносон байна. Улмаар ээж нь халуун бууруулах эмчилгээ хийж хонож, өглөө нь биеэр тууралт гарсан учраас Өрхийн эрүүл мэндийн төвд ханджээ. 

Өрхийн эрүүл мэндийн төвөөс манайх руу ирээд эмчилгээнд орсон.

Мэдээллийн дагуу Эрүүл Мэндийн Яамнаас арга хэмжээ авч, ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасаг, Халдвар тандалтын тасгийн эмч ажилтнуудын бүрэлдэхүүн ажилласан. 

Улмаар шинжилгээг хийхэд сэжигтэй тохиолдол батлагдсан. Мөн ойрын хавьтлын тандалт хийж үзлээ. Тухайн хүүхэд цэцэрлэгт явж байсан учраас цэцэрлэгийн ангийнх нь бүх эцэг, эхийг цуглуулж, хүүхдүүдэд шинжилгээ хийсэн. Үүнээс хоёр сэжигтэй тохиолдлыг эмнэл зүйн үзлэгээр тодорхойлсон учраас тухайн хоёр хүүхдээс дахин шинжилгээ авсан.

Мөн бусад бүх гэр бүлийн гишүүнд тандалт хийж, судалж үзээд өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д үүсгэгч тодорхойлох зургаан шинжилгээг явуулсан.

Өнөө өглөөний байдлаар сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан тул одоо тусгаарлалтад байгаа зургаа хүнийг гаргахаар шийдэж, зөвлөгөө өгч байна" гэлээ. 

"Дахин сэжигтэй тохиолдол батлагдвал Налайх дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийг хаах төлөвлөгөөтэй байна"

Мөн "Халдвар нь батлагдсан хүүхдийн биеийн байдал маш хүнд байна. Эмнэлэгт ирэхэд бие дээр нь 4-5 сантиметр үхэжсэн толбо тууралт гарч, өндөр халуунтай, хордлого ихтэй байсан.

ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасаг, эрчимт эмчилгээний тасгийн эмч нар яаралтай эмчилгээ хийж хоносон. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал хүнд хэвээр байгаа. Нэмэлтээр биеэр нь тууралт гараагүй.

Эмчилгээ үргэлжилж байна. Нэгэнт менингококкын халдвар гарсан учраас тухайн голомт болж байгаа цэцэрлэг, сургуулийг тусгаарлалтад авсан. 

Өнгөрсөн шөнө бүх сургууль, цэцэрлэгт цэвэрлэгээ, ариутгал хийлээ. Мөн голомтыг халдваргүйжүүлж, халдваргүйжүүлэлтийн дараах ариутгал цэвэрлэгээг хийж өнөө өглөө хүүхдүүдээ авсан.

Эрэмбэлэлт хийж халуун хэмжиж, хүүхдүүдээ үзэж авч байна. Үүнээс гадна анги бүрд Эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран үзлэгээ үргэлжлүүлж байна. Сэжигтэй тохиолдол илэрвэл шинжилгээ авна. 

Нууц хугацаа 2-7 хоног байдаг. Тиймээс эхний ээлжинд Засаг даргын захирамжийг гаргуулж, 10 хоногийн хугацаанд гурван голомтод хөл хорио тогтоон түр хугацаагаар хичээл сургууль хааж байна.

Хэрэв дахиад сэжигтэй тохиолдол батлагдвал Налайх дүүргийн бүх сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагыг хаах төлөвлөгөөтэй байна.

Менингококкын батлагдсан гурван тохиолдол гарсан гэдэг нь ташаа мэдээлэл. Одоогоор нэг тохиолдол илрээд байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь хамгийн чухал" гэлээ.