Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Өчигдөр Засгийн газар жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ныг хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй байх талаарх 2019 оны 57 дугаар тогтоолоо хүчингүй болгож, энэхүү эрхийг аймаг, нийслэлийн удирдлагад шилжүүлэн гуравдугаар сарын 1-ний өдрөөс морин уралдааныг зохион байгуулж болно гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм.
Энэ асуудалтай холбогдуулан ХЭҮК-оос дараах байр сууриа илэрхийллээ.
Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг, амлалтуудаа бүрэн биелүүлэх үүрэгтэй. Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцод 3-т “..аливаа байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-т “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж онцолж заасан.
Хүүхэд оролцож байгаа бол морины уралдааныг аль ч улиралд зохион байгуулсан аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх ёстой. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 унаач хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн нь Монгол Улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хуулиар хүлээсэн хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгааг болон хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоог сайжруулах, үр дүнтэй хариу арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, морины үүлдэр угсаа, уралдуулах заншил, арга барил өөрчлөгдсөн, бооцоот уралдаан дэлгэрсэн, зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохион байгуулагдах болсон нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, хөгжих, сурч боловсрох эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Ялангуяа өвөл, хаврын хурдан морины уралдаанд хүүхэд оролцох тохиолдолд хичээл, сургуулиас нь чөлөө авах, таслуулах зэргээр хөндийрүүлснээр хоцрогдож, сурлагын түвшин буурах, хичээл сургуульд дургүй болж сургуулиас гарах, завсардах ноцтой үр дагавартай бол газар хөлдүү, халтиргаа гулгаа, шавар шавхаатай хүйтний улиралд уралдах нь мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар хөл, хацраа хөлдөөх зэргээр эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол учрах эрсдэлийг дагуулдаг болно.
Хурдан морины уралдаан нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан Монгол Улсын төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн боловч ӨВӨЛ, ХАВРЫН УРАЛДААН нь ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БИШ болно. Хурдан морины хаврын уралдаан нь зарим газарт хаврыг угтаж, урт уяа сойлго хийж, хол зайд морь уралдуулах заншлын хүрээнд үүссэн байна.
Засгийн газрын 2019 оны 57 тогтоол нь хүйтний улиралд уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжих, сурч боловсрох эрхийг хамгаалах, хүүхдийг аюултай хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэхэд гаргасан ахиц дэвшил юм. Засгийн газар энэхүү тогтоолыг хүчингүй болгож хүүхэд нэгдүгээрт, хүүхдийн дээд ашиг сонирхол зарчмаас ухралт хийж байгаад ХЭҮК туйлын харамсаж байна.
Тиймээс Монгол Улсын Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд та дээрх шийдвэрийг эргэн харж, хүүхдэд ээлтэй шийдвэр гаргах нь зүйтэй байна гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!