“Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси” ХХК (МИРА)-ийн Дэд захирал З.Дагмэдмаатай ярилцлаа.
- Юуны өмнө та манай уншигчдад “Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси” ХХК-ийн үндсэн үйл ажиллагааг танилцуулахгүй юу.
- Манай байгууллага нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2022 онд авч Монгол Улсад ийм төрлийн үйл ажиллагаа эрхлэх анхны байгууллага болсон. Бид 2023 оны 6 дугаар сард М-Си-Эс группийн хөрөнгө оруулалттай Simple дижитал зээлийн аппликейшны Монголын Хөрөнгийн Биржид гаргасан нээлттэй бондод хамгийн анхны дотоодын зэрэглэл тогтоож байсан бөгөөд улмаар “Инвескор ББСБ” ХХК, “Шунхлай” ХХК, “Таванбогд Финанс ББСБ” ХХК гэх мэт нийт 6 байгууллагад зээлжих зэрэглэл тогтоогоод байна.
- Олон Улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд болох Fitch Ratings, S&P Global Ratings, Moody’s нар Монгол Улсын зээлжих зэрэглэлийн түвшнийг 2024 онд ахиулсан тухайгаа зарласан. Танай байгууллага үүнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг үү?
- Ерөнхийдөө засгийн газар болон байгууллагын төлбөрийн чадварыг үнэлж байгаагаараа төстэй гэж хэлж болно. Олон улсын агентлагууд тухайн байгууллагыг дэлхий нийтийн түвшинд үнэлдэг бол бид зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг харьцуулан зэрэглэл тогтоодог. Жишээ нь, олон улсын "ААА" үнэлгээ нь дэлхийд хамгийн найдвартай төлбөрийн чадвартайг илтгэх бол манай “ААА” үнэлгээ нь зөвхөн Монгол улсын хүрээнд хамгийн найдвартай байгууллага болохыг илтгэнэ.
- Саяхан УИХ-ын гишүүн Э.Батшугар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж зээлдэгчдийг үнэлж, эрсдэлд суурилсан зээлийн хүү тогтдог тогтолцоо руу шилжих нөхцөл бүрдсэн тухай мэдээлсэн. Хэрэв хуульд өөрчлөлт орвол танай байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх үү? Зээлийн мэдээллийн тухай хуульд дурдагдсан “зээлдэгчийн зээлжих чадварт тогтоосон зэрэглэл” болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тодорхойлсон “санхүүжих чадавхын зэрэглэл” гэсэн нэр томьёонуудын гол ялгаа юу вэ?
- Зээлийн мэдээллийн тухай хуульд дурдагдсан “зээлдэгчийн зээлжих чадварт тогтоосон зэрэглэл” буюу “кредит скоринг” гэдэг нь хувь хүний болон байгууллагын банк болон санхүүгийн байгууллагаас зээл авах чадварыг математик загварын дагуу тооцоолсон тоон үзүүлэлт юм. Энэ нь ихэвчлэн статистик загварт үндэслэж, тухайн хүний төлбөрийн түүх, зээлийн үлдэгдэл болон зээл ашиглалтын түвшин зэрэг хүчин зүйлсийг харгалзан тооцдог.
Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тодорхойлсон “санхүүжих чадавхын зэрэглэл” буюу “кредит рейтинг” гэдэг нь ААН, байгууллага болон Засгийн газрын өр төлбөр төлөх чадварыг үнэлдэг үнэлгээ юм. Тус зэрэглэлийг макро эдийн засгийн нөхцөл байдал, чанарын болон тоон үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх замаар тогтоодог бөгөөд математик загварт суурилан тогтоох боломжгүй юм.
- Өнөөгийн зохицуулалтаар “кредит скоринг” ба “кредит рейтинг”-ийн үйл ажиллагааг нэг байгууллага эрхэлж болох уу?
Одоогийн байдлаар Монгол Улсад дээрх хоёр үйл ажиллагааг нэг байгууллага хийж болохгүй байх тухай хориглосон хуулийн заалт байхгүй. Гэхдээ эдгээр үйл ажиллагааг тусгаарлах нь аливаа ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, үйлчилгээ тус бүрийн найдвартай байдлыг хангах чухал ач холбогдолтой.
- Тэгвэл дээрх хоёр үйл ажиллагааг нэг байгууллага эрхлэхээс сэргийлсэн олон улсын стандарт, туршлага бий юу?
- Тийм ээ, Олон улсын үнэт цаасны хороо (IOSCO), Европын Үнэт Цаас, Зах Зээлийн Байгууллага (ESMA) зэрэг олон улсын байгууллагууд “кредит скоринг” ба “кредит рейтинг” үйл ажиллагааг тусгаарлахыг санал болгодог.
- Яагаад олон улсад нэг байгууллага “кредит скоринг” ба “кредит рейтинг”-ийн үйл ажиллагааг зэрэг эрхлэхийг хориглодог юм бол?
- Хэд хэдэн шалтгаан байгаа.
Нэгдүгээрт нь зохицуулалтын ялгаа. Олон улсад “кредит скоринг” тооцох болон “кредит рейтинг” тогтоох салбарууд нь олон тооны гэхдээ өөр өөр хууль эрхзүйн зохицуулалтаар явагддаг. Нэг байгууллага “кредит скоринг” тогтоох үйл ажиллагаатай холбоотой бүх дүрэм журмыг мөрдөхийн хамт “кредит рейтинг”-ийн агентлагт хамаарах бүх дүрэм журмыг адил мөрдөнө гэдэг нь бараг боломжгүй байдаг. Учир нь дээр дурдсан хоёр салбарын хууль эрх зүй, дүрэм журам хоорондоо зөрчилдсөн заалт агуулсан байх бүрэн боломжтой.
Хоёрдугаарт нь ашиг сонирхлын зөрчил. Хэрэв нэг агентлаг хоёр салбарт хоёуланд нь үйл ажиллагаа эрхэлбэл ашиг сонирхлын зөрчил үүсэх боломжтой. Жишээ нь, “кредит рейтинг”-ийн агентлагууд нь үнэлгээ хийлгэж буй байгууллагуудаас төлбөр авдаг тул зарим тохиолдолд яг бодитоор зэрэглэлийг нь тогтоож байгаа эсэхэд олон нийт эргэлздэг. Хэрэв “кредит скоринг” тооцдог байгууллага ийм төрлийн сэрдэлтэд өртөх аваас олон нийт болон зээлдэгчийн оноо ашигладаг санхүүгийн байгууллагууд тухайн компанийн тооцсон оноонд эргэлзэж улмаар иргэдийн зээлийн салбарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Гуравдугаарт нь зах зээлийн итгэлцэл, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх: “Кредит скоринг” ба “кредит рейтинг”-ийн үйл ажиллагааг тусад нь байлгаснаар тус бүрийн салбарын нэр хүнд, итгэлцлийг хадгалж чадна. Хэрэв дээрх хоёр үйл ажиллагааг нэгтгэвэл олон нийт итгэл алдарч тэдний зээлийн оноо нь байгууллага, ААН хоорондын харилцаанаас хамаарч тогтоогдож байх вий гэдэг эргэлзэл үүсэх эрсдэлтэй.
- Өндөр хөгжилтэй орнуудад эдгээр бүтээгдэхүүн үйлчилгээ нь танигдаад аль хэдийн байр сууриа олсон юм байна. Тэгвэл Монгол Улсын хувьд санхүүжих чадавхын зэрэглэлийн салбарын хөгжил аль шатандаа явна вэ?
- Монгол Улсын дотоодын санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох салбар дөнгөж эхлэлийн шатандаа байгаа ч сүүлийн хэдэн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. 2021 онд манай компанийг анх үүсгэн байгуулагдаж байхад санхүүжих чадавхын зэрэглэлийн талаарх ойлголт хязгаарлагдмал байсан. Харин сүүлийн үед хөрөнгө оруулалтын сонирхол нэмэгдэж, Монголын Хөрөнгийн Бирж болон Биржийн бус зах зээлд арилжаалагдах бондын хэмжээ өсөхийн хэрээр хараат бус, найдвартай зээлжих зэрэглэл тогтоох эрэлт нэмэгдэж байна. Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохицуулалтын орчныг сайжруулсан ч зах зээлд оролцогчдыг сургах, зээлжих зэрэглэлийн ач холбогдлыг таниулах тал дээр хийгдэх ажлууд байсаар байна.
- Тэгвэл санхүүжих чадавхын зэрэглэлийн ач холбогдол нь юу юм бол?
- Санхүүжих чадавхын зэрэглэлийн тайлан нь хөрөнгө оруулагчдын хувьд хараат бус, бие даасан мэдээллийн эх сурвалж тул бондын эрсдэлийг үнэлэх гол хүчин зүйл болж өгдөг. Харин бонд гаргагч ААН болон байгууллагуудын хувьд санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосноор барьцаа, баталгаа, батлан даалт шаардлагагүйгээр МХБ болон ББЗЗ-д бонд гаргах хууль эрхзүйн орчин бүрдсэн.
Том цар хүрээгээр нь авч үзвэл зээлжих зэрэглэл нь мэдээллийн тэгш бус байдлыг бууруулж, ил тод байдлыг бий болгосноор зах зээлд оролцогч бүх оролцогчдод тэгш өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлдэг.
- Санхүүжих чадавхын зэрэглэлийн тайлан нь хөрөнгө оруулагчдын хувьд хараат бус, бие даасан мэдээллийн эх сурвалж болдог гэлээ. Тэгвэл энэ зэрэглэлийг хөрөнгө оруулагчид яг яаж ашигладаг тухай та илүү нарийн тайлбарлаж өгнө үү?
- Санхүүжих чадавхын зэрэглэл нь тухайн байгууллагын төлбөрийн чадварыг илтгэдэг үзүүлэлт юм. “AAA”-аас “D” буюу “төлбөрийн чадваргүй” хүртэл үнэлэгддэг бөгөөд “ААА” үнэлгээнээс “ВВВ-” хүртэлх үнэлгээ нь “хөрөнгө оруулалтын” ангилал буюу эрсдэл багатай болохыг илэрхийлдэг бол “ВВ+” үнэлгээнээс “С-“ хүртэлх үнэлгээ нь “спекулятив” буюу эрсдэл өндөртэйг илтгэдэг. Хөрөнгө оруулагчид энэ үнэлгээг ашиглан байгууллагын эрсдэлийг шууд тодорхойлж эрсдэл, өгөөжийг үр дүнтэй тэнцвэржүүлэх замаар хөрөнгийн багцаа удирддаг. Эрсдэлээс зайлсхийдэг хөрөнгө оруулагч өндөр зэрэглэлтэй бондыг сонгох бол өндөр өгөөж хайгчид эрсдэлтэй үнэт цаасанд хөрөнгө оруулна гэсэн үг юм.
- Дотоодын зах зээлд гарч буй бондууд зэрэглэл тогтоолгох ерөнхий жишиг байдаг уу? Энэ салбарт ямар бэрхшээл тулгарч байна гэж та харж байна вэ?
- Одоогийн байдлаар барьцаа, баталгаатай бондууд зээлжих зэрэглэл тогтоолгох хууль эрхзүйн орчин бүрдээгүй тул цөөн байгууллага л дотоодын зээлжих зэрэглэл тогтоолгосон.
Энэ салбарыг хөгжүүлэхэд тулгарч буй хэд хэдэн бэрхшээлүүд байна. Нэгдүгээрт, үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчид зээлжих зэрэглэлийн ач холбогдол, ашиг тусын талаар ерөнхий ойлголтгүй байдаг. Хоёрдугаарт, Монгол Улсын санхүүгийн зах зээл харьцангуй жижиг бөгөөд дата мэдээллийн олдоц хомс байдаг нь үр дүнтэй, нарийн шинжилгээ хийхэд бэрхшээл болдог. Гуравдугаарт, Монгол Улс шиг жижиг эдийн засагтай оронд зээлжих зэрэглэл тогтоох олон агентлаг ажиллах нь ашиг сонирхлын зөрчил болон ёс зүйн асуудлуудыг үүсгэж болзошгүй байдаг.
Жижиг эдийн засагтай оронд зээлжих зэрэглэл тогтоох агентлаг нь харилцагчдаа нэмэгдүүлэх, өрсөлдөөн ихтэй зах зээлд үйл ажиллагааны зардлаа нөхөх зорилгоор байгууллагын санхүүгийн эрсдэлд нийцээгүй өндөр зээлжих зэрэглэл тогтоох эрсдэлтэй. Тиймээс, олон агентлагууд үйл ажиллагаа эрхлэх нь эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах бус, харин эсрэгээрээ зээлжих зэрэглэлийн үнэн зөв байдал болон хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулж, хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Тэгвэл санхүүжих чадавхын зэрэглэлийг бодитой, үндэслэлтэй мэдээлэлд тулгуурлаж тогтоохгүй бол хөрөнгө оруулагчид буруу шийдвэр гаргаж цаашлаад хохирч болзошгүй байх нь?
- Тийм ээ. Байгууллагын бодит үр дүн, үйл ажиллагаанд суурилан тогтоосон үндэслэлтэй үнэлгээ нь хөрөнгө оруулагчид, зээл олгогч санхүүгийн байгууллагууд, зохицуулагч байгууллагуудад тухайн байгууллагын санхүүгийн тогтвортой байдал болон эрсдэлийг үнэлэх чухал хэрэгсэл болж өгдөг. Монгол Улсын анхны бөгөөд тэргүүлэгч дотоодын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагийн хувьд бид чанар, найдвартай байдлыг хамгаас илүү эрхэмлэн ажиллаж байна.
- Танай агентлагийн тогтоосон санхүүжих чадавхын зэрэглэл нь байгууллагын төлбөрийн чадварыг бодитой илэрхийлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
- Энэ тал дээр бид бүх талын шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажилладаг. Манай шинжээчдийн баг олон улсад мэргэшсэн шинжээчдээс бүрдэх бөгөөд санхүүгийн болон чанарын хүчин зүйлсийг тодорхойлж, үндэслэлтэй, найдвартай үнэлгээ гаргахад анхаардаг.
Түүнчлэн, үүсгэн байгуулагч мань Олон Улсын Moody’s зээлжих зэрэглэлийн агентлаг, Азийн Хөгжлийн Банк (ADB), болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-д ажиллаж байсан 24 жилийн туршлагатай гаднын эксперт юм. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-ын шугамаар Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх талаар зөвлөмж боловсруулж байхдаа дотоодын зээлжих зэрэглэлийн эжинси үүсгэн байгуулах чухал ач холбогдолтойг дурдаж үүсгэн байгуулагч болсон түүхтэй.
Зээлжих зэрэглэлийн эцэслэн тогтоодог Зэрэглэлийн хорооны гишүүд мань Монголын томоохон их, дээд сургуулиудад багшилдаг зах зээлийн онцлог, нөхцөл байдлыг гүнзгий ойлголттой академик мэргэжилтнүүд юм. Хорооны гишүүд нь манай агентлагаас ямар нэгэн цалин, урамшуулал, тэтгэмж авдаггүй тул зээлжих зэрэглэл тогтоох процесс нь бие даасан, хараат бус байдаг.
Бид мөн Азийн Зээлжих Зэрэглэлийн Агентлагуудын Холбоо (ACRAA)-ын гишүүн байгууллагын хувьд олон улсын шилдэг туршлага, арга барилаас суралцан, үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгон ажиллаж байна.
- Олон нийт эсвэл оролцогч талууд санхүүжих чадавхын чанартай үнэлгээг чанар муутай үнэлгээнээс хэрхэн ялгах вэ?
- Үйл ажиллагаа нь өргөжөөгүй, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр нь олны дунд танигдаагүй байгууллагуудад хөрөнгө оруулалтын зэрэглэл тэр дундаа “А-” болон түүнээс дээш үнэлгээ тогтоогоод эхэлбэл тухайн үнэлгээг тогтоосон байгууллагын засаглал, олон нийтэд тавьсан аргачлал, үйл ажиллагаа эрхэлж буй байдал зэргийг сайн үзэх шаардлагатай. Өмнө дурдсанчлан харилцагч, үйлчлүүлэгч татах болон үйл ажиллагааны орлого олох зорилгоор бусад зэрэглэл тогтоогч байгууллагууд төлбөрийн чадварыг бодитой илэрхийлэхгүй өндөр зэрэглэл тогтоож байхыг үгүйсгэхгүй.
- Салбарын ирээдүйг та юу гэж харж байна вэ?
- Монгол улсын санхүүгийн зах зээл өсөж, төрөлжихийн хэрээр төлбөрийн чадварын эрсдэлийг үнэлэх, удирдах хэрэгслүүдийн хэрэгцээ улам бүр ихсэж байна. Засгийн газар дотоодын үнэт цаас гаргах замаар бондын зах зээлийг хөгжүүлж, эдийн засаг дахь санхүүжилтийн түвшний банкны салбараас хамаарах хамаарал багасах нөхцөл бүрдсэнээр зээлжих зэрэглэл нь санхүүгийн зах зээлийн хөгжлийн нэг суурь нь болж өгөх юм.
Цаг хугацаа өнгөрөх тусам хөрөнгө оруулагчид болон олон нийтийн мэдлэг нэмэгдэж, зээлжих зэрэглэлийн үр өгөөж илүү тодорхой болохын хэрээр тус салбар нь Монгол Улсын санхүүгийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж, зах зээлийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулна гэж харж байна.
- Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!