Хятадын технологийн аварга компани Алибаба өчигдөр өөрийн хөгжүүлж буй хиймэл оюуны загвар Qwen-ий шинэ хувилбарыг танилцуулжээ.
Qwen 2.5 хувилбар нь саяхан дэлхий дахинд шуугиан дэгдээсэн DeepSeek загварын гуравдугаар хувилбарыг давах хэмжээний хүчин чадалтай болсныг Алибаба мэдэгдсэн байна.
Өчигдөр буюу Лхагва гараг нь Хятадын уламжлалт сар шинийн баярын эхний өдөр байсан юм. Хятад хүн бүр гэр бүлтэйгээ баяр тэмдэглэж буй энэ өдөр Алибаба шинэ бүтээгдэхүүнээ яаран зарласан нь DeepSeek-ийн үсрэнгүй амжилт гадаадын төдийгүй Хятадын дотоодын компаниудын өрсөлдөөнийг эрчимжүүлснийг харуулж байна.
“Qwen 2.5-Max хувилбар нь GPT-4o, DeepSeek-V3 болон Llama-3.1-405B хувилбаруудыг давах хэмжээний хүчин чадалтай болсон” гэж Алибаба мэдэгдэхдээ DeepSeek-ээс гадна OpenAI, Meta компаниудын хөгжүүлж буй загваруудын нэрийг бас дурджээ.
DeepSeek компани нэгдүгээр сарын 10-ны өдөр DeepSeek AI чатбот платформоо АНУ-ын зах зээлд гаргасан бол 20-ны өдөр хэлний R1 загварын нээлттэй эхээ танилцуулсан нь хөрөнгө оруулагчдыг үүнээс хамаагүй өндөр өртгөөр хөгжүүлж буй АНУ-ын технологийн компаниудын бүтээгдэхүүнүүдэд эргэлзэхэд хүргэсэн юм.
Үүний улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээлд маш том уналт үүссэн.
DeepSeek-ийн амжилт бас Хятадын компаниудын өрсөлдөөнд гал нэмсэн юм.
R1 загварын нээлттэй эхийг танилцуулснаас хоёр хоногийн дараа ТикТокийн толгой компани ByteDance өөрийн хөгжүүлж буй хиймэл оюуны загвар нь OpenAI компанийн бүтээгдэхүүнийг үзүүлэлтээрээ давсныг зарласан байна.
Өнгөрсөн оны тавдугаар сард гарсан DeepSeek-V2 хувилбар Хятадын зах зээлд үнийн дайн дэгдээж байв.
Тухайлбал уг хувилбарын нэг сая токены (боловсруулах өгөгдлийн нэгж) үнэ ердөө нэг юань ($0.14) болж хямдарсан юм.
Үүний хариуд Алибаба үнэ тарифаа 97 хүртэл хувиар бууруулж байжээ.
2023 оны гуравдугаар сард ChatGPT-ийн анхны Хятад өрсөлдөгчийг танилцуулж байсан Baidu бас дээрх жишгийг дагаж байв.
Алибаба, Тэнсэнт зэрэг Хятадын том компаниуд олон зуун мянган мэргэжилтэнтэй байдаг бол DeepSeek судалгааны лаборатори хэлбэрээр ажиллаж, Хятадын шилдэг их дээд сургуулиудын цөөн төгсөгчдийг ажиллуулдаг гэдэг.
DeepSeek компанийг үүсгэн байгуулагч Лян Вэньфэн долдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа хиймэл оюуны цаашдын хөгжүүлэлтэд том компаниуд тохиромжгүй байж магадгүйг хэлж байжээ.
“Том суурь загварыг хөгжүүлэхэд тасралтгүй инновац шаардлагатай. Технологийн аварга компаниудын хувьд энэ нь хязгаарлагдмал” гэж тэр хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!