Уншиж байна ...

АНУ-ын сенатор асан авлигын хэргээр 11 жилийн хорих ял сонслоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 10 цаг 29 минут
iKon.MN
Зураг зураг
Сенатор асан Боб Менендез

АНУ-ын сенатор асан Боб Менендез өчигдөр авлигын хэргээр 11 жилийн хорих ял сонсжээ.

Манхтэттэнд болсон шүүх хурлын үеэр АНУ-ын холбооны шүүгч Сидней Стэйн түүнийг Египет улсын засгийн газар болон Нью Жерси мужийн бизнесмэнүүдэд тусалсныхаа төлөө их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгасан юм.

АНУ-ын Конгрессын дээд танхим сенатад Нью Жерси мужийг 18.5 жил төлөөлж байсан Ардчилсан Намын гишүүн Менендез бас гадаад улсын эрх ашгийн төлөө ажилладаг агентаар тодорсон анхны сенатор болж, түүхэнд бичигдэж байна.

Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сард Сенатаас огцорсон юм.

Прокурорууд Менендезд 15 жилийн хорих ял төлөвлөж байжээ.

Сенатор асныг Египет улсад зэвсгийн тусламж үзүүлэхэд, Катар улсад мөн тусламж үзүүлэхэд нөлөөлсөн, бас сонгогдсон мужийнхаа зарим бизнесмэнүүдийн ажил хэрэгт тусалсан, эдгээрийнхээ хариуд алтан гулдмай, бэлэн мөнгө, Мерседес Бенц автомашин авсныг мөрдөгчид илрүүлсэн юм.

“АНУ болон Нью Жерси мужийг төлөөлөн ажиллах тангараг өргөсөн Менендез их хэмжээний авлига, хээл хахуулиар өндөр албан тушаал, эрх мэдлээ арилжсан байна” гэж шүүгч дүгнэжээ.

71 настай Менендез өөрийн гэм бурууг хүлээхээс татгалзаж, шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.

Сенатын гадаад бодлогын байнгын хорооны дарга асан Менендезийн нас, ажлын түүх, буяны үйлс, гэр бүлдээ үнэнч байдлыг нь харж үзээд хорих хугацааг 2.25 жилээс хэтрүүлэх ёсгүй гэж үзэж байгаагаа өмгөөлөгчид нь шүүгчид мэдэгджээ.

Өчигдөр Менендезийг яллахаасаа өмнө шүүгч Стэйн түүнд авлига өгсөн хоёр бизнесмэнд бас ял оноосон юм.

Тэдний нэг Фрэд Дайбес долоон жил, Уаэл Хана найман жилийн хорих ял сонсжээ.

Менендезийн гэргий Надин Менендез бас нөхрийн хамт шийтгүүлэх болоод байгаа. Гэхдээ түүний хөхний хорт хавдрын эмчилгээтэй холбоотойгоор шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгч нь гаргажээ.

Надиний шүүх хурал гуравдугаар сарын 18-нд товлогдсон байна.

 

Эх сурвалж: Reuters