“Сино Хайдро Корпорейшн Монголиа” ГХОХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй Монгол Улсын хуулийн этгээд юм.
Манай компани өнгөрсөн хугацаанд “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9км авто замын өргөтгөл, шинэчлэл” төсөл, “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто зам”-ын төсөл, Говь-Алтай аймгийн “Тайширын усан цахилгаан станц”-ын төсөлд ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж, Монгол Улсын дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.
“Сино Хайдро Корпорейшн Монголиа” ГХОХХК нь 2023 оноос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Овоот толгойн нүүрсний уурхайд “Саусгоби сэндс” ХХК-ийн олборлолт, тээвэрлэлтийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй бөгөөд уг төсөлд нийт 121,469,925,253 төгрөгийн хөрөнгө оруулж, 1400 орчим иргэдийг ажлын байраар хангаж, жил бүр Монгол Улсад ихээхэн хэмжээний татвар, шимтгэлийг төвлөрүүлэн ажиллаж байна.
Сүүлийн үед Овоот толгойн нүүрсний уурхай дахь компанийн зарим ажилтнууд хууль бусаар ажил хаялт зарласан үйл явдалтай холбогдуулан нэр бүхий этгээдүүд өөрсдийн фэйсбүүк хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан “Сино Хайдро Корпорейшн Монголиа” ХХК-ийн нэр хүндэд санаатайгаар халдах, жагсаал, цуглаан зохион байгуулах, олон нийтийг компанийн эсрэг зохион байгуулалттайгаар өдөөн турхирах явдал ихэсч байна.
“Сино Хайдро Корпорейшн Монголиа” ХХК нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цаг мөчөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баталсан дүрэм, журам, стандарт, заавар, зааварчилгааг чанд баримталж, аливаа гэрээ, хуулиар хүлээсэн үүрэгтээ ямагт хариуцлагатай хандаж, ажилтнуудынхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, зохих журмын дагуу татвар, шимтгэлээ төлөн шударгаар үйл ажиллагаагаа эрхэлж ирсэн болохоо үүгээр, хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Манай компани дээрх худал мэдээллийг тарааж буй этгээдүүдийг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулах бөгөөд “Сино Хайдро Корпорейшн Монголиа” ХХК-ийн ажилтан, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч, хэвлэл мэдээллийн байгууллага, ард иргэд, Та бүхнийг худал мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, автахгүй байхыг уриалж байна.
“Сино Хайдро Корпорейшн Монголиа” ГХОХХК
2025 оны 01 сарын 28-ны өдөр
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!