Улаанбаатар хотод авто замын засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар дөрвөн байршилд замын хөдөлгөөнийг хаажээ. Энэ хугацаанд цементээр бэхжүүлсэн суурь болон авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэж байгаа аж. Үүнд:
- Энхтайвны өргөн чөлөө, Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу зургаадугаар сарын 12-ны 22:00 цагт нээнэ. Энэ үеэр нийтийн тээврийн автобус Цэцэг төвийн уулзвараар баруун эргэж, төв замтай нийлэх зохицуулалтаар иргэдэд үйлчилж байна.
- Шарга морьтын уулзвараас Гүнтийн давааны хоёр километр замыг энэ сарын 10-нд хаасан бөгөөд зургаадугаар сарын 15-ны 06:00 цагт хөдөлгөөнийг нээнэ.
- Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх авто замыг зургаадугаар сарын 16-ны 06:00 цагт засварын ажил дуусна.
- Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Лавай захын уулзвараас Алтарганын уулзвар хүртэлх авто замыг зургаадугаар сарын 13-ны 06:00 цаг хүртэл засварлана.
Харин Баруун дөрвөн замын уулзвараас баруун тийш Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ.
Энэ жилийн хамгийн том засвар нь Энхтайвны өргөн чөлөөний буюу иргэдийн нэрлэж заншсанаар төв зам. Замыг засах төсвийг шүүж үзвэл:
- 25 дугаар эмийн сангаас Саппорогийн уулзвар хүртэлх замын засварт 4.5 тэрбум төгрөг
- 25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг 10 тэрбум төгрөг
- Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэлх замыг 7 тэрбум төгрөгөөр буюу нийт 21.5 тэрбумаар засварлахаар баталжээ. Уг мөнгийг Замын санд иргэдийн төвлөрүүлсэн татвар, хураамжаас гаргана.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!