Монгол Улс 2023 онд Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн батлахдаа англи хэлийг үндсэн гадаад хэлээр зарласан.
Үр дүнд нь англофон буюу англи хэлтэн улсуудын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-д Монгол Улсад англи хэлийг заах арга зүйг сайжруулах, багш нарыг чадавхжуулах хөтөлбөрүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байна.
Үүний нэг илрэл нь Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн дэргэд Англи хэлний мэргэшлийн төв байгуулагдаж, албан ёсны нээлтээ өнөөдөр хийж буйг нэрлэж болох юм.
Англи хэлний мэргэшлийн төв нь энэ оны гуравдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд төрийн тусгай алба хаагч, онцгой байдлын албаныханд англи хэл, монгол бичгийн хосолсон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн тус төвд Америк, Их Британи, Австрали, Канад зэрэг англи хэлтэн улс хамтарч хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээрээ онцлогтой.
Нээлтийн арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Англи хэлний мэргэшлийн төв нь Монгол Улс, АНУ-ын харилцан итгэлцлийг бэхжүүлж, хоёр улсын түншлэлийн гол багана болсон иргэд хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлоод, уг төвийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлэхэд хамтран ажилласан нийт оролцогч тал, ялангуяа хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч сургагч багш нар, Америкийн Нэгдсэн Улсын Энх тайвны корпусын болон бусад англи хэлтэй улсын сайн дурын ажилтнуудад талархал илэрхийлж, цаашдын үйлсэд нь амжилт хүсэв.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган "Монгол Улс 2023 онд англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгон хуульчилсан. Энэхүү өөрчлөлтийг бид сайшаан дэмжиж, бодитой ажлуудыг хийж байна. АНУ-ын Энх тайвны корпусын олон тооны сайн дурын ажилтнууд хамгийн алслагдсан бүс нутгуудад өдөр бүр монголчуудад англи хэл заадаг. Мөн сайн дурын ажилтнууд саяхан шинээр нэмэгдэн ирлээ. АНУ-ын ЭСЯ өсвөр насныханд зориулсан хичээлийн дараах хөтөлбөр буюу англи хэлний бичил тэтгэлэгт Аксесс хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Одоогоор Монгол даяар таван газарт 200 орчим сурагч уг хөтөлбөрөөр суралцаж байна.
Өнөөдөр албан ёсоор нээгдэж буй Англи хэлний мэргэшлийн төв нь Монгол дахь англи хэлний боловсролын стандартыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, эцсийн дүндээ хүний нөөцийг сайжруулж, монголчуудыг олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр илүү өрсөлдөх чадвартай болгоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Тууштай дэмжлэг үзүүлсэн гадаад, дотоодын бүх түншдээ талархал илэрхийлье" гэв.
Их Британиас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Энди Батсон "Олон улсын хэл учраас англи хэл сурснаар тухайн хүнд маш олон боломж нээгддэг. Их Британи улсын хувьд англи хэлний сургалтыг сайтар дэмжин ажиллаж байгаа. Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сан, Дэлхийн Банк, Боловсролын яамтай хамтраад зөвхөн Улаанбаатарт төдийгүй Монгол орон даяар хэрэгжих хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байна. Тухайлбал НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Сүхбаатар, Баян-Өлгий, Баянхонгор аймагт англи хэлний 326 багшийг чадавхжуулах хөтөлбөр үргэлжилж байна. Их Британийн хувьд англи хэл сургах хөтөлбөрүүд нь тэргүүлэх чиглэл гэж үздэг учраас цаашид ч дэмжин ажиллах болно" хэмээв.
МУИС дахь Англи хэлний мэргэшлийн төвийн эрхлэгч Д.Отгонтуяа "Гуравдугаар сараас туршилтын сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн. Монгол орон даяар ажиллаж буй ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн Сургалт, Үйлдвэрлэлийн Төв(МСҮТ), их, дээд сургуулиудын англи хэлний багш нар, англи хэлний багш болохоор бэлтгэгдэж буй суралцагчид, төрийн албан хаагч нар сургалтад хамрагдана.
Одоогийн байдлаар их, дээд сургуулиудад англи хэлний 285, дунд сургуулиудад 2,000 орчим англи хэлний багш нар ажилладаг. Тэдэнд зориулан англи хэл заах арга барилыг сайжруулах, чадавхжуулахаар цахим сургалтуудын хөтөлбөрийг боловсруулаад байна" гэлээ.
АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Молик Бэркана "Англи хэл зааж буй багш нарын чадварыг сайжруулах, багш нартайгаа илүү ойр ажиллах шаардлагатай гэж үзэн энэхүү төвийг нээж байна. АНУ-ын ЭСЯ нь англи хэлээр ярьдаг бусад улс буюу Австрали, Их Британи, Канад улсын ЭСЯ-тай хамтарч ажиллаж байна. Түүнчлэн Google зэрэг хувийн хэвшлийн байгууллага бидний санаачилгыг тоног төхөөрөмж, цахим платформоороо дэмжиж байгаа.
Энэ төв нь англи хэл сурахыг хүссэн хүмүүст зориулсан, англи хэл заах чадавхыг сайжруулах зорилготойгоор англофон улсуудын ЭСЯ-д хамтран ажиллах төсөл юм. МУИС хэмээх энэхүү гайхалтай сургуультай хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаа. Англи хэлний мэргэшлийн төвийг үйл ажиллагааг амжилттай авч явна гэдэгт нь итгэлтэй байна. Мөн АНУ-ын Олон улсын боловсролын зөвлөл уг төслийг эхлүүлж, удирдан зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ төвд олон хүн хүрэлцэн ирж, өөрт хэрэгтэй мэдээлэл авч, сургалтад хамрагдан, ирээдүйн боломжуудаа нээх чухал газар нь болно гэж найдаж байна" гэлээ.
Англи хэлний мэргэшлийн төвд сурах багш, төрийн албан хаагчдын тоог хязгаарлахгүйг энд тодотгоё. Өөрөөр хэлбэл англи хэлээ сайжруулах, гадаад улсын төрийн байгууллагатай тогтмол харилцан ажилладаг яам, Тамгын газар, хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн ажилтнууд, энхийн сахиулан үйл ажиллагаанд оролцох алба хаагчид уг төвд англи хэлний сургалтад хамрагдах боломжтой. Үүний зэрэгцээ багш нар Боловсролын Ерөнхий Газраар дамжуулан заах арга зүйн сургалтад суралцаж болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!