Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон дунд хэмжээтэй үлэг гүрвэл нь манай гарагийн түүхэнд байсан хамгийн том махчин амьтанд тооцогддог Тиранозаврын өвөг дээдэс байсныг судлаачид тогтоожээ.
Одоогоос 86 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан энэ үлэг гүрвэлийг “Лууны ханхүү” (Khankhuuluu mongoliensis) нэрээр шинжлэх ухаанд бүртгэж байгаа юм байна.
Лууны ханхүү нь Тиранозавраас 20 орчим сая жилийн өмнө амьдарч байжээ.
Тиранозаврын “Tyrannosaurus rex” хэмээх нэр нь “үлэг гүрвэлийн дарангуйлагч хаан” гэсэн утгатай юм. Харин шинэ гүрвэл хараахан Тиранозаврын хэмжээнд хүрээгүй байсан учраас “ханхүү” гэж нэрлэхээр болжээ.
Шинэ гүрвэл 4 метр орчим урт, 750 кг жинтэй, хойд хоёр хөл дээрээ явдаг байсан байна.
Харьцуулбал одоогоор мэдэгдэж байгаа хамгийн том Тиранозавр 12.3 метр орчим урт байжээ.
“Хаан болоогүй, жижиг биетэй, эртний хэлбэр нь байсан гэдэг утгаар бид нэрийг Khankhuuluu (монгол хэлээр лууны ханхүү) гэж сонгосон юм. Хаан биш, ханхүү байсан гэсэн үг” гэж өчигдөр буюу Лхагва гарагт Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлангийн хамтран зохиогч, Канадын Калгарийн Их сургуулийн палеонтологич Дарла Зеленицки тайлбарласан юм.
Тиранозаврууд үлэг гүрвэлийн эрин үеийн төгсгөл хэсэгт бий болж, Ази, Умард Америкт амьдардаг байсан гэж үздэг.
Лууны ханхүү нь Тиранозавртай анатомийн олон шинжээрээ адилхан байсан ч тодорхой хэдэн шинжээр ялгаатай байжээ.
Шинээр нэрлэсэн үлэг гүрвэлийн хоёр ясыг бүр 1970-аад оны үед анх илрүүлж байсан байна. Харин бүрэн хэмжээний судалгааны үр дүн нь одоо л гарч, ямар төрөл зүйлд хамаарахыг нь тогтоож байгаа ажээ.
Анх уг үлэг гүрвэлийн гавлын яс, урд ба хойд хөл, сүүл, нурууны ясны хэсгүүд олдож байсан гэнэ.
“Шинэ төрөл зүйл нээсэн нь биднийг тиранозаврын удам судрын түүхийг дахин бичихэд хүргэлээ” гэж судалгааг ахалсан Калгарийн Их сургуулийн докторант Жаред Ворис тайлбарлажээ.
“Ойролцоогоор 85 сая жилийн өмнө тиранозаврын өвөг дээдэс болох энэ амьтан Сибирь, Аляскийг холбосон хуурай замын гүүрээр дамжин Умард Америкт очоод аварга том махчин үлэг гүрвэл болж хөгжсөн гэж үзэж байна” хэмээн тэр нэмж хэлсэн юм.
Умард Америкийн тиранозавруудын нэг хэсэг сүүлд Ази тивд буцаж ирээд “Pinnochio-rex” болон Тарбозавр гэсэн хоёр том төрөл зүйл болж хуваагдсан гэнэ. Дараа нь тэд дахин Умард Америкт буцаж очихдоо Тиранозаврын биеийн хөгжил оргилдоо хүрэх замыг зассан гэж үзэж байгаа ажээ.
Тиранозаврууд 66 сая жилийн өмнө асар том астероид дэлхийд унах хүртэл оршин тогтнож байсан юм.
“Лууны ханхүү 20 орчим сая жилээр алслагдсан Тиранозаврын холын өвөг байжээ. Тэдний хооронд арав гаруй төрлийн тиранозаврын төрөл зүйл хувьсан хөгжсөн гэж үзвэл тэр өндөр-өндөр-өндөр өвөг нь юм” гэж профессор Зеленицки ярьжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!