М-Си-Эс Кока-Кола компани “Усны элч” байгууллагын үүргийг тогтмол гүйцэтгэнэ
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас усны нөөцийг хамгаалах, усны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, олон нийтэд усны үнэ цэн, ач холбогдлыг сурталчлан таниулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн М-Си-Эс Кока-Кола компанийг Монгол улсын “Усны Элч” байгууллагаар дахин өргөмжилж, цаашид энэ чиглэлд тогтмол ажиллах хүндтэй үүрэг хүлээлгэлээ.
“Дэлхийн брэндийг Монголдоо” уриатай М-Си-Эс Кока-Кола компани нь усны үр ашигтай хэрэглээг дэмжих зорилтынхоо хүрээнд усны хэрэглээг бууруулах, хэрэглэсэн усаа цэвэрлэх, дахин ашиглах зарчмыг хэрэгжүүлдэг.
М-Си-Эс Кока-Кола нь “Усны элч” байгууллагын хувьд өнгөрсөн онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Монголд анх удаа Амгалан дулааны станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усаа нийлүүлж эхэлсэн нь Улаанбаатар хотын эрчим хүч, усны менежментийн салбарт шинэ шат ахиулсан түүхэн үйл явдал болсон юм. Ингэхдээ өөрийн хөрөнгө оруулалтаар 3.5 тэрбум төгрөгийн нэмэлт тоног төхөөрөмж, шугам хоолой суурилуулжээ. Амгалан дулааны станц ТӨХК нь технологийн хэрэгцээний усны 40 хувиа ийнхүү авдаг болсноор 600 мянган хүний нэг өдрийн усны хэрэглээтэй дүйцэхүйц газрын доорх усны нөөцийг хамгаалж буй билээ.
Ийнхүү халаалтын улиралд үйлдвэрийн цэвэрлэсэн ус ашиглах томоохон хэрэглэгчтэй болсноор тус компанийн усны дахин ашиглалт 45% хүрсэн бөгөөд 2030 он гэхэд 100% хүргэх зорилттой ажиллаж байна.
Усны газрын дарга З.Батбаяр: Усны нөөцийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан иргэн, байгууллагыг Усны газраас “Усны элч”-ээр тодруулдаг уламжлалтай. М-Си-Эс Кока-Кола компанийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд ашигласнаар өрх бүр тухтай амрах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар хотын усан хангамжийн тогтвортой байдал бодитоор сайжирч байна.
Цаашлаад хувийн хэвшлийн энэ байгууллага усны дахин ашиглалт, үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласаар буй нь маш сайшаалтай. Тус компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг илүү олон байгууллага авч хэрэглэж, усны нөөцөө хамгаалахыг уриалж байна.
М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Л.Мягмаржав: Цаашид хувийн хэвшлийн хувьд усны үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлд оролцож ажиллана. Учир нь бид усаа хайрлах хэрэгтэй. Усыг хайрлаж хэрэглэнэ гэдэг нь зүй зохистой хэрэглэж, хэрэглэснээ эргүүлж ашиглах явдал.
Манай компани үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усныхаа дахин ашиглалтыг 100% хүргэх зорилтынхоо хүрээнд Амгалан Дулааны Станц ТӨХК-иас гадна халаалтын бус улиралд манай усыг хэрэглэх боломжтой томоохон хэрэглэгчийг эрж хайхын сацуу бусад олон төрлийн хэрэгцээнд цэвэрлэсэн усаа дахин ашиглах боломж шийдлийг судалж байна.
Монгол улсын нормоор 1л бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны хэмжээ 12.5л байдаг бол М-Си-Эс Кока-Кола 2025 оны байдлаар 2.25л ус зарцуулсан байна. Усны үр ашигтай хэрэглээг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд тус компани усны зарцуулалтыг 2030 он гэхэд 1.7л болгож бууруулах зорилттой ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
