2021 оны барилдаанд түрүүлсэн Б.Бат-Өлзийд улсын арслан цолыг нөхөж олгох хуулийн төслийг Байнгын хороо дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар П.Сайнзориг нарын 19 гишүүн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв.
Тус хуулийн төсөлд 16 бөхөд цол нөхөн олгох асуудлыг тусгасан байгаа юм. Тодруулбал:
- 1987 оны Монголын бүх ард түмний спартикад,
- 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам,
- 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд
- Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннессийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд цолыг нөхөн олгохоор байгаа юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр бөхчүүдэд цол нөхөн олгох нь зөв эсэх талаар асуудал яригдлаа.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 2021 оны наадам өнжсөн, залуучуудын холбооны барилдаанд цол олгох асуудлыг ярьж байна. Энэ бол тухайн үеийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголын түүхэнд хийсэн асар том гэм нүглийг бид арчих гээд сууж байна. 2021 долоодугаар сарын 2-нд Улсын их баяр наадмыг тэмдэглэхгүй гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч энэ хуулийн төсөл бөхчүүдийн цолыг нөхөж олгох гэж байна.
Тэр бол наадам биш, би барилдааныг очиж үзсэн. Төв асарт залуучуудын холбоо сууж байсан. Залуучуудын холбооны төрийн бус байгууллагын барилдаан. Тэр барилдааныг наадам гэж хүлээн зөвшөөрвөл бөөн талцал руу авч очно. Бид ид барилдаж байгаа бөхчүүдэд цол нэмэх асуудлыг ярьж байна. Цол авах нийт хэдэн бөх байгаа вэ, цол нэмэх бөхчүүдтэй уулзсан уу. Бусад бөхтэй нь уулзсан уу. Б.Бат-Өлзий бидний гаргасан шийдвэрээс болж улсын арслан болоод ид барилдаж буй Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нарын дээр эрэмбээрээ гарч ирнэ. Энэ бөхчүүд хүлээн зөвшөөрөх үү.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цар тахлын хүнд жил байсан. Тухайн жилийн морь, сур бүгд цолоо авчихсан. 1987 онд болон Монголын бүх ард түмний спартикад 33 тойргийн барилдаанд 29 давсан Г.Эрхэмбаяр улсын заан цолтой болно. 1989 оны наадамд үзүүрлэж арслан цол аваад маргааш нь хураалгасан 1994 оны бөхийн барилдаанд 9 давж үзүүрлэсэн О.Балжинням аварга цол ахина. П.Сүхбат агсан цолыг нь нөхөж олгоно. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн барилдаанд цол аваад хураалгасан бөхчүүд цол нэмнэ.
2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүд цолоо авна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
