Г.Уянгахишиг: Цахилгаан скүүтерийг явган хүний зам дээр тавивал зөрчлийн хуулиар торгодог болно

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар П.Батчимэг нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна. 

Уг хуулийн төсөл батлагдсанаар цахилгаан скүүтертэй холбоотой харилцааг зохицуулах юм. Замын хөдөлгөөний дүрэмд цахилгаан скүүтертэй холбоотой ямар дүрмийг нэмж буй талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ Пүрэв гарагийн чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг явуулна. Цахилгаан скүүтерийг Авто тээврийн хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд зохицуулаагүй явж байсан. Тиймээс явган хүний замаар яваад, авто зам дээр урсгал сөрчихсөн явж байгаа. 

Тэгэхээр энэ хууль батлагдсанаар цахилгаан скүүтер явган хүний замаар явахгүй, мопедтой адил дугуйн замаар явна. Аль аль нь байхгүй бол авто замын баруун хөвөөгөөр явна гэдэг зохицуулалт оруулж ирсэн. Мөн насны хязгаарыг 18 болгож нэмэгдүүлсэн.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын дэд бүтцийн хувьд аюулгүй байдлыг хангах тал дээр дутмаг. Тиймээс хүүхэд унаж болохгүй. Мөн түүнчлэн тодорхой байршлуудад зогсоолд тавих ёстой. Явган хүний зам болон машины хөдөлгөөнд садаа учруулахаар тавивал зөрчлийн хуулиар торгуулна. 

18 нас хүрээгүй хүн унахгүй учраас эцэг, эх асран хамгаалагч дээр хариуцлагын тогтолцоог үүсгэнэ. 18 хүртэлх насны хүүхэд цахилгаан скүүтер унаж явсан бол эцэг эхийг нь 200 мянган төгрөгөөр торгоно. 

Долоон компанийн 1,300 орчин цахилгаан скүүтер байгааг бүгдийг нь бүртгэлжүүлэх ёстой гэж хуульчилсан. Нөгөө талдаа аймаг, нийслэлтэй гэрээ байгуулж ажиллах ёстой. Дэд бүтэц, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хувьд Засгийн газар, нийслэлийг үүрэгжүүлнэ. Дугуйн зам нь явган замаас тусгаарлагдсан стандартын байх ёстой гэсэн үүрэг даалгаврыг өгнө. 

Цахилгаан скүүтер болон мопед жолоодох гэж буй хүмүүст зориулсан богино хугацааны сургалтын хөтөлбөр гаргах үүргийг Авто тээврийн үндэсний төвд өгнө. Тэр хөтөлбөрийн дагуу сургалтын материалыг бэлдээд скүүтерийн компаниуд апп дээрээ шийдэх байх. Заавал сургалтын компани байгуулж очиж сурах талаар ажлын хэсэг дээр яриагүй" гэв.