"Б.Бат-Өлзий улсын арслан болбол эрэмбээрээ Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нарын дээр гарна. Залуу арслангууд хүлээн зөвшөөрөх үү"

Н.Эрхбаяр, iKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар П.Сайнзориг нарын 19 гишүүн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, Байнгын хороо дэмжив.

Байнгын хорооны хуралдааны үеэр бөхчүүдэд цол нөхөн олгох нь зөв эсэх талаар асуудал яригдлаа. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 2021 оны наадмыг өнжсөн, залуучуудын холбооны барилдаанд цол олгох асуудлыг ярьж байна. Тухайн үеийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Монголын түүхэнд хийсэн асар том гэм нүглийг бид арчих гээд сууж байна. 2021 оны долоодугаар сарын 2-нд Улсын их баяр наадмыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч энэ хуулийн төсөлд бөхчүүдийн цолыг нөхөж олгох гэж байна. 

Тэр бол наадам биш, би барилдааныг очиж үзсэн. Төв асарт залуучуудын холбоо сууж байсан. Залуучуудын холбоо буюу төрийн бус байгууллагын барилдаан. Тэр барилдааныг наадам гэж хүлээн зөвшөөрвөл талцал руу авч очно. Бид ид барилдаж байгаа бөхчүүдэд цол нэмэх асуудлыг ярьж байна. Цол авах нийт хэдэн бөх байгаа вэ, цол нэмэх бөхчүүдтэй уулзсан уу. Бусад бөхтэй нь уулзсан уу.

Б.Бат-Өлзийг наадамд бүртгүүлчихсэн байхыг нь харахад сайхан санагддаг миний хайртай бөх. Гэхдээ бидний гаргасан шийдвэрээс болж улсын арслан болбол эрэмбээрээ ид барилдаж буй Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нарын дээр гарч ирнэ. Энэ залуу арслангууд хүлээн зөвшөөрөх үү, санал солилцсон уу.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Тэр жилийн наадмыг Засгийн газар шийдсэн. Цар тахлын хүнд жил байсан. Тухайн жилийн морь, сур бүгд цолоо авчихсан.

1987 онд болон Монголын бүх ард түмний спартикад 33 тойргийн барилдаанд 29 давсан Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Г.Эрхэмбаяр улсын заан цолтой болно. 1989 оны наадамд үзүүрлэж арслан цол аваад маргааш нь хураалгасан 1994 оны бөхийн барилдаанд 9 давж үзүүрлэсэн О.Балжинням аварга цол ахина. 70 жилийн ойгоор үзүүрлэсэн П.Сүхбат агсанд цолыг нь нөхөж олгоно. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн барилдаанд цол аваад хураалгасан бөхчүүд цол нэмнэ.

Гурван удаа үзүүрлэсэн Мөнх-Эрдэнэ улсын арслан цолтой болж байсантай адил өөрийн хүсэлтээ гаргаж байсан Б.Гантогтох гардид улсын арслан цолыг нөхөж өгнө. 2021 оны наадамд түрүүлсэн Б.Бат-Өлзийд улсын арслан цол, Ууганбаяр, Ч.Батчулуун, Довчинсэмбэ, Э.Амгалан, Н.Батсайхан, Ц.Адъяа, Б.Уртнасан, Э.Мөнхбаатар, Б.Хадбаатар нарын асуудлыг шийднэ.

Хууль батлагдвал бүгдэд өгнө гэсэн зүйл байхгүй, өөрөө хүсэлтээ гаргавал шийднэ. Монголын Үндэсний бөхийн холбооноос шууд Ерөнхийлөгчид уламжлах уу, Баяр наадмын хороогоор уламжлах уу гэдгийг тодорхой болгож байна. Бөхийн холбооноос албан ёсоор санал авах дэмжиж, 17 бөхийн нэр өгсөн. Би аваргуудын нэрэмжит барилдаан дээр өөрийн биеэр очиж, аваргуудад саналаа танилцуулсан. Хэлэлцүүлэг гэж хэлэхэд хэцүү ч барилдааны завсарлагын үеэр дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Н.Батсуурь, улсын аварга Д.Сумъяабазар, С.Мөнхбат нартай биечилж уулзсан. Цагийн юмыг цагт нь өгөөд дуусгачихмаар байна гэсэн.

Тус хуулийн төсөлд 17 бөхөд цол нөхөн олгох асуудлыг тусгасан байгаа юм. Тодруулбал: 

  • 1987 оны Монголын бүх ард түмний спартикад,
  • 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам,
  • 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд
  • Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннессийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд цолыг нөхөн олгох аж.