Индэр    
0 минутын өмнө
Зураг
Судлаач, шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, Хүндэт дипломат, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн

ОХУ, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны шинэ дүр төрх - III

Редакцын бус нийтлэл
Зураг
China Russia Photo: VCG

Хоёр хөршийн харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн, яаж хөгжиж буй, ололт, амжилт, тулгарч буй сорилтуудын хэрхэн шийдвэрлэх талаарх тохиролцоо, гарц шийдэл, түүнд судалгаа, дүн шинжилгээ, үнэлгээ хийх явдал Монгол Улсын бодлогын шийдвэр гаргах түвшинд нэн чухал билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний 2026 оны тавдугаар сард БНХАУ-д хийсэн төрийн айлчлал нь Орос-Хятадын стратегийн түншлэл тогтоосны 30 жил, Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд, Хятадын удирдагч Ши Жиньпиний урилгаар зохион байгуулагдаж амжилттай өндөрлөв. Түүний айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Хятадад хийсэн төрийн айлчлалаас ердөө дөрөв хоногийн дараа болсноороо олон улсын анхаарлын төвд байсан нь ойлголтой байв. Шинжээчид энэхүү дараалсан айлчлалуудыг Бээжин дэлхийн геополитикийн гол зуучлагч, дипломат бодлогын төв цэг болж буйгаа харуулах томоохон алхам болсон гэж дүгнэв.

2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр Бээжин хотноо В. Путин, Ши Жиньпин нар “Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг улам бүр хүчирхэгжүүлэх, Сайн хөршийн, найрсаг, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Хамтарсан Мэдэгдэл” (Совместное заявление Российской Федерации и Китайской Народной Республики о дальнейшем укреплении всеобъемлющего стратегического сотрудничества и углублении добрососедского и дружеского взаимодействия) болон “Олон туйлт дэлхий ертөнц ба олон улсын шинэ дэг журмыг цогцлоон байгуулах тухай Хамтарсан Тунхаглал” (Совместная декларация Российской Федерации и Китайской Народной Республики о многополярном мире и формировании нового международного порядка) гэсэн хоёр үндсэн эрхзүйн баримт баримт бичигт гарын үсэг зурав.

I.

Хоёр улсын удирдагчид “Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг улам бүр хүчирхэгжүүлэх, Сайн хөршийн, найрсаг, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Хамтарсан Мэдэгдэл”-д “Бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, зэрэгцэн орших зарчмуудын үндсэн дээр Хятад, Орос улсууд нийгмийн тогтолцоо, хөгжлийн замыг бие даан сонгох бие биенийхээ эрхийг харилцан дэмжиж, түүх, соёлын онцлог, уламжлалт үнэт зүйлсээ хадгалахад бие биеэ дэмждэг. Хоёр орны харилцаа нь эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй байх шинж чанартай бөгөөд гуравдагч орны эсрэг чиглээгүй болно” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Талууд 1996 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Орос-Хятадын Стратегийн түншлэл тогтоосон Хамтарсан Мэдэгдэл болон 2001 оны долдугаар сарын 16-ны өдрийн Хятад-Оросын сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны тухай Гэрээгээр тогтоосон хоёр талын харилцааны хөгжлийн загвар нь шинэ эриний Хятад-Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн тулгын чулуу болсон юм. Хоёр талын цуцашгүй хүчин чармайлтын ачаар энэхүү харилцаа түүхэн дэх хамгийн дээд түвшиндээ хүрч, гаднын ямар ч нөлөөллөөс ангид, дотоод хөдөлгөгч хүчтэй, төлөвшсөн шинж чанарыг харуулан урагшлан хөгжсөөр…цаашид илүү өндөр түвшин, илүү чанарын шатанд гарган тасралтгүй хөгжүүлэх болно гэжээ.

Хамтарсан Мэдэгдлийн зарим онцлох зүйлүүдээс дурдвал “…Тяньвань болон Сюдабао цөмийн цахилгаан станцын барилгын төслүүдийг хугацаанд нь барьж дуусган, ашиглалтад оруулахын тулд үргэлжлүүлэн урагшлуулна. Үүний үндсэн дээр цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, термоядрын нэгдэл, түргэн нейтроны реактор, цөмийн түлшний битүү циклийн салбарын хамтын ажиллагааг үе шаттайгаар дэмжих бөгөөд харилцан ашигтай, хамтдаа хожих болон ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах зарчмаар цөмийн түлшний циклийн эхний шатны хамтын ажиллагаа болон цөмийн эрчим хүчний төслүүдийг хамтран барих асуудлыг “багц” хэлбэрээр шийдвэрлэх арга замыг эрэлхийлнэ” гэсэн байна. Түүнчлэн “… үндэсний валютаар тооцоо хийх явцад гарсан ахиц дэвшлийг хадгалж, банкны салбар болон хөрөнгийн зах зээл дэх Хятад, Оросын практик хамтын ажиллагааг тууштай урагшлуулан, хоёр орны эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн эрүүл, тогтвортой хөгжилд илүү сайн үйлчлэх бөгөөд гаалийн тариф, татвар болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ”… гаалийн "нэг цонхны" (single window) харилцан холболт, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын худалдааг хөнгөвчлөхийг дэмжих бөгөөд хоёр талын мэдээлэл солилцох асуудлаар идэвхтэй хамтран ажилласаар байх болно” гэж тэмдэглэв.

Хоёр улсын удирдагчид Хятад-Оросын хилийн боомтуудын саадгүй нэвтрүүлэх урсгалыг хангахын тулд олон талт арга хэмжээ авах, ухаалаг боомтын хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэх, боомтын дэд бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэн түргэтгэх, боомтуудын хоёр талын гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг нэгэн зэрэг сайжруулах бөгөөд боомтын харилцан холболтын түвшнийг бүх талаар ахиулахад бэлэн байна. Хэйшязи арал (Их Уссури арал) дээрх зорчигч болон ачаа тээврийн авто замын боомтын бүтээн байгуулалтыг түргэтгэхийн чухлыг мөн цохон тэмдэглэжээ.

Талууд “Европ – Баруун Хятад” олон улсын тээврийн коридорыг үргэлжлүүлэн хөгжүүлж, Орос, Хятад, Казахстан улсуудын хоорондын авто замын харилцан холболтыг дэмжихэд бэлэн байгаагаас гадна “Монгол Улсын оролцоотой гурван талт механизмын зохицуулалттай хамтын ажиллагаа болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэтийн төлөвийг өндрөөр үнэлж байгаа бөгөөд тус коридорын хүрээнд хамтран байгуулах гол төслүүдийн хэрэгжилт, хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулах болно. Талууд Монгол Улсыг ШХАБ зэрэг бүс нутгийн интеграцын үйл явцад нэгдэхэд нь туслалцаа үзүүлэхээр тохиролцов” гэсэн нь анхаарал татаж байна.

Хоёр тал БНХАУ болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хоорондын Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хятад улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, тээвэр, ложистик, дижиталчлал, цахим худалдаа, бодлогын зохицуулалт болон худалдааны саад тотгорыг арилгах, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа зэрэг салбарт “Бүс ба Зам” санаачилга болон ЕЭЗХ-ны хөгжлийн төлөвлөгөөний харилцан уялдааг (docking) үргэлжлүүлэн дэмжихээр тохиролцов. Энэхүү хэлэлцүүлгийн механизм нь худалдааны хамтын ажиллагааг урагшлуулахад нэн чухал бөгөөд Ази-Номхон далай болон Евразийн бүс нутаг хоорондын эдийн засгийн интеграц, харилцан холболтыг гүнзгийрүүлэхэд тустай төдийгүй “Бүс ба Зам” санаачилгыг хамтран цогцлоох болон “Их Евразийн түншлэл”-ийг байгуулах үйлсийг хамтад нь дэмжинэ гэж талууд үзэв. Талууд Хятад улс, ЕАЭЗХ болон түүний гишүүн орнуудын хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны институцийн зохицуулалтыг цаашид шат ахиулан өргөжүүлж, худалдааг чөлөөлөх, хөнгөвчлөх түвшнийг сайжруулахад бэлэн байна гэжээ.

Талууд жанжлах үзэл болон нэг талыг барьсан үзлийг эрс эсэргүүцэх, дэлхий ертөнц хүчний улс төр рүү ухрахаас сэргийлэх, мөн НҮБ-ын нэр хүнд болон олон улсын хэрэгцээнд гүйцэтгэх түүний төвлөрсөн үүргийг баттай хамгаалахаа дахин нотлов.

Олон улсын эрх зүй болон НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг сүйтгэж буй хууль бус нэг талыг барьсан албадлагын хориг арга хэмжээнүүдийг цуцлахыг талууд уриалсан бөгөөд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс батлаагүй, олон улсын эрх зүйд нийцээгүй ямар ч хориг арга хэмжээг хоёр тал хэрэгжүүлэхгүй, дэмжихгүй гэдгээ дахин нотолсон нь анхаарал татав.

Хятад улсын дэвшүүлсэн Глобал аюулгүй байдлын санаачилга нь дэлхийн аюулгүй байдлын засаглалыг шинэчлэн боловсронгуй болгоход асар их ач холбогдолтойг талууд онцлов.

Талууд дэлхийн стратегийн тэнцвэрт байдал, тогтвортой байдлыг хадгалах, бэхжүүлэх үүрэг амлалтаа дахин нотолсон бөгөөд 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр гарын үсэг зурсан "Стратегийн тогтвортой байдлын тухай БНХАУ болон ОХУ-ын Хамтарсан Мэдэгдэл"-д тусгагдсан үнэлгээ, байр суурь ач холбогдлоо хадгалсаар байгааг тэмдэглэв. Зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлэх, стратегийн эрсдэлийг бууруулах, стратегийн тогтвортой байдлыг хадгалахад Орос-Америкийн “Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид цөөлөх, хязгаарлах арга хэмжээний тухай гэрээ” (New START)-ний гүйцэтгэсэн эерэг үүргийг талууд нотлов.

АНУ-ын “Алтан дээвэр” (Golden Dome) төлөвлөгөө нь ямар нэгэн хязгаарлалтгүйгээр дэлхийн хэмжээний, олон түвшинт, олон салбарт пуужингаас хамгаалах тогтолцоог цогцлоох, мөн пуужинг хөөргөхөөс өмнөх бэлтгэл шатнаас эхлээд нислэгийн бүх шат хүртэл аливаа “ижил түвшний” өрсөлдөгчийг оролцуулан бүх пуужингийн заналхийллийг сөрөн зогсохыг зорилго болгосон нь стратегийн тогтвортой байдалд үлэмж хэмжээний хохирол учруулж байна гэж хоёр тал үзэв.

Хоёр тал сансрын орон зайд аливаа төрлийн зэвсэг байршуулах, сансрын биетүүдийн эсрэг хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсвэл сансрын биетүүдийг ашиглан хүч хэрэглэх, тусгайлсан зарим улс орнуудын зүгээс сансрын уудмыг зэвсэгт сөргөлдөөнд ашиглах гэсэн оролдлого, мөн цэргийн жанжлал тогтоохыг зорилго болгосон, сансрын орон зайг “байлдааны талбар” хэмээн тодорхойлсон бодлого боловсруулахыг эсэргүүцэж байна.

Хиймэл оюуны технологи нь эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн хурд болон чанарт үлэмж хэмжээний нөлөө үзүүлж буй гол хүчин зүйлсийн нэг болохыг Хятад, Орос улсууд тэмдэглэж хиймэл оюуныг сайн сайхны төлөө болон нийтийн тусад хөгжүүлэхийг дэмжихэд бэлэн байгаа бөгөөд зарим улс орнууд өөрсдийн жанжлах байр сууриа хадгалахын тулд хиймэл оюуныг геополитикийн хэрэгсэл болгон ашиглахыг эсэргүүцнэ гэсэн байна. Талууд хиймэл оюун ухааны салбар дахь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ухаалаг хөгжлийн үр шимийг хүртээх, мөн хиймэл оюун ухаантай холбоотой гарч болзошгүй эрсдэл, сорилтуудыг шийдвэрлэхийг дэмжинэ. Оросын тал Хятад улсаас Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллагыг байгуулах тухай гаргасан санаачилгыг таатай хүлээн авч байна.

Талууд Дэлхийн худалдааны байгууллагаар (ДХБ) төвлөрүүлсэн, дүрэмд суурилсан олон талт худалдааны тогтолцоог баттай дэмжих бөгөөд нэг талын хориг болон худалдааны протекционист арга хэмжээнүүдийг хамтран эсэргүүцэхээ мэдэгдсэн юм.

ШХАБ-ын Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг бэлтгэхэд бэлэн байна. Нээлттэй байх зарчим нь ШХАБ-ын тулгын чулуу мөн гэдгийг Хятад, Орос улсууд онцолж, тус байгууллагын Дүрмийн зорилго, зорилт, үндсэн зарчмуудыг хүлээн зөвшөөрдөг, мөн харилцан итгэлцэл, харилцан ашигтай байх, эрх тэгш байдал, зөвшилцөл, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрмэлзэх “Шанхайн үзэл санаа”-г баримталдаг улс орнуудыг ШХАБ-д үргэлжлүүлэн элсүүлэхийг дэмжлээ. Мөн холбогдох нийт улс орнууд болон олон улсын байгууллагуудтай, үүний дотор “ШХАБ+” бүтцийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин нотлов.

Төрийн албан тушаалтнууд гадаад улсын эрүүгийн харьяаллаас халдашгүй дархан байх (иммунитеттэй байх) явдал нь олон улсын харилцааны тогтвортой үйл ажиллагааны чухал баталгаа мөн гэдгийг талууд дахин нотоллоо. Төрийн албан тушаалтнуудын халдашгүй дархан байдлын талаарх олон улсын эрх зүйн дүрмийг зөрчих нь улс орнуудын бүрэн эрхт тэгш байдлын зарчимтай нийцэхгүй юм. Төрийн болон Засгийн газрын тэргүүнүүд, гадаад хэргийн сайд нар зэрэг улсын өндөр албан тушаалтнууд хувь хүний үүднээс үнэмлэхүй халдашгүй дархан эрх (ratione personae) эдлэх бөгөөд улс орноо төлөөлж буй эсвэл улсын чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэж байхдаа албан тушаалын үүднээс халдашгүй дархан эрх (ratione materiae) эдэлнэ гэдгийг хоёр тал онцлов. Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрмийг зөрчиж, төрийн тэргүүн зэрэг халдашгүй дархан эрх эдлэгч гадаад улсын төрийн албан тушаалтнуудын эсрэг баривчлах, шүүх зэрэг хууль бус үйлдэл гаргах нь байж боломгүй зүйл хэмээн хамтран мэдэгдсэн байна.

II.

“Олон туйлт дэлхий ертөнц ба олон улсын шинэ дэг журмыг цогцлоон байгуулах тухай Хамтарсан Тунхаглал”-д Дэлхий дахины харилцан хамаарал, харилцан шүтэлцээ хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй түвшинд хүрснийг тэмдэглэж, XXI зууны олон улсын харилцааны тогтолцоо нь гүн гүнзгий өөрчлөлтийг туулж, олон төвт (полицентрик) урт хугацааны төлөв байдал болон шинэ төрлийн олон улсын харилцаа үүсэн бий болох зүг рүү хувьсан өөрчлөгдөж байна гэж ОХУ, БНХАУ хоёр үзжээ.

Нөгөө талаас, дэлхийн нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болж байна. Нэг талыг барьсан хүч хэрэглэх хандлага, жанжлах үзэл болон блокоор талцах сөргөлдөөн зэрэг неоколоничлолын сөрөг чиг хандлагууд газар авч байна. Олон улсын эрх зүйн болон олон улсын харилцааны үндсэн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнүүд тогтмол зөрчигдөж, улс орнууд үйл ажиллагаагаа уялдуулах, дэлхийн засаглалын институциудын хүрээнд зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхэд улам бүр хүндрэлтэй болж байгаа бөгөөд тэдгээр институциудын ихэнх нь үр дүнтэй байдлаа алдаж байна. Дэлхийн энх тайван, хөгжлийн хөтөлбөрүүд шинэ эрсдэл, сорилтуудтай тулгарч байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг бутран сарних, “ширингэн ойн хууль” (хүчтэй нь хүчгүйгээ барих засаглал) руу эргэн орох аюул нүүрлээд байна гэж онцлон тэмдэглэв.

Дэлхий ертөнцөд хөгжлийн түгээмэл ганц зам гэж үгүй бөгөөд “нэгдүгээр зэрэглэл”-ийн улс орон эсвэл ард түмэн гэж байхгүй. Олон янз, ээдрээтэй дэлхий дээрх улс орнуудын хоорондын байгалийн ялгаа нь тэдний хооронд эрх тэгш, хүндэтгэлтэй, харилцан ашигтай харилцаа хөгжүүлэхэд саад тотгор болох ёсгүй.

Бүрэн эрхт улс бүрийн сонгосон зам, хөгжлийн загварыг хүндэтгэх нь нэн чухал бөгөөд олон улсын улс төрийн харилцааг ардчилсан болгох, илүү нээлттэй дэлхийн эдийн засгийг цогцлоох нь нийт улс орнуудын язгуур ашиг сонирхолд нийцнэ. Нийтлэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нэг талыг барьсан хандлага гаргах, жанжлах үзэл болон албадлагын бодлогын аливаа хэлбэрүүд байж боломгүй зүйл юм.

Хүн төрөлхтөнд тулгарч буй нийтлэг эрсдэл, сорилтууд нэмэгдэж буй энэ үед илүү нягтарсан олон улсын хамтын нийгэмлэг үүсэн бий болж байгаа нь нэг улсын аюулгүй байдлыг нөгөө улсын аюулгүй байдлын зардлаар хангаж болохгүй гэсэн үг юм. Бүх бүрэн эрхт улс орнууд аюулгүй байдлаа хангуулах адил тэгш эрхтэй. Нийт улс орнуудын аюулгүй байдлын зүй ёсны түгшүүрт зохих анхаарал хандуулах, аюулгүй байдлын асуудлаарх хамтын ажиллагаанд төвлөрөх, блокоор талцах сөргөлдөөн болон "тэг нийлбэртэй тоглоом" (нэг нь хожиж, нөгөө нь хоосон хоцрох) стратегийг үгүйсгэх ёстой. Мөн цэргийн эвслүүдийг өргөжүүлэх, хайбрид болон прокси (төлөөний) дайн хийх явдлыг эсэргүүцэж, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын шинэчлэгдсэн, тэнцвэртэй, үр ашигтай, тогтвортой бүтцийг бий болгохыг дэмжих нь зүйтэй. Санал зөрөлдөөн, маргааныг зөрчил мөргөлдөөний үндсэн шалтгааныг нь арилгах замаар тайван замаар шийдвэрлэх ёстой. Бүрэн эрхт улс орнуудыг төвийг сахих байр сууринаасаа татгалзахыг албадах нь байж боломгүй үйлдэл мөн гэжээ

Дэлхий дахинд жанжлах үзэл байж боломгүй зүйл бөгөөд үүнийг хориглох ёстой. Аль ч улс эсвэл улс орнуудын бүлэг олон улсын хэргийг хяналтдаа байлгах, бусдын хувь заяаг тулган заах, эсвэл хөгжлийн боломжуудыг ганцаар монополичлох ёсгүй хэмээн хоёр тал хамтран тунхаглав.

III.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2026 оны тавдугаар сард Бээжинд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Манжуур–Өвөрбайкалийн (Забайкальск) хилийн боомтын хил дамнасан төмөр замын хоёр дахь шугамыг хамтран барих албан ёсны хэлэлцээрт Оросын Тээврийн сайд Андрей Никитин болон Хятадын Төмөр замын улсын газрын дарга Сун Сюдэ нар гарын үсэг зурав.

Энэхүү төсөл нь Орос, Хятадын худалдааны ложистикийн гацааг арилгах стратегийн чухал ач холбогдолтой юм.

Төмөр замын боомтын хил дамнасан 12 км орчим хэсэгт Хятадын стандартын 1435 мм-ийн царигтай хоёр дахь шугам замыг нэмж барихаар тохиролцов.

Манжуур–Өвөрбайгалийн төмөр замын холболтын нэгдэх шугам нь Оросын стандартын 1520 мм-ийн өргөн царигтай төмөр зам юм.

Энэхүү анхны шугамаар Хятадын талаас очсон ачааг Оросын Өвөрбайгалийн боомт дээр, эсвэл Оросоос ирсэн ачааг Хятадын Манжуур боомт дээр заавал тусгай төхөөрөмжөөр шилжүүлэн ачих эсвэл вагон тус бүрийн дугуйг (тэргэнцрийг) сольдог байжээ. Саяхан баталсан шинэ төслөөр баригдах хоёр дахь шугам нь Хятадын стандартын 1435 мм-ийн нарийн царигтай төмөр зам бөгөөд үүнийг Оросын Өвөрбайгалийн боомт руу 12 км сунгаж оруулж байгаа явдал ажээ. Чингэснээр нэгдэх шугамаар буюу өргөн царигаар Оросын галт тэрэгнүүд Хятадын Манжуур боомт руу шууд нэвтэрнэ. Хоёр дахь шугамаар буюу нарийн царигаар Хятадын галт тэрэгнүүд ачаагаа шилжүүлэн ачихгүйгээр Оросын Өвөрбайгалийн боомт руу шууд нэвтрэх боломж бүрдэж байна.

Дүгнэвэл нэгдэх шугам нь Оросын өргөн цариг, харин саяны яригдсан хоёр дахь шугам нь Хятадын нарийн царигийг хилийн эсрэг тал руу нь сунгаж буй явдал юм.

Манжуур–Өвөрбайгаль нь хоёр улсын хоорондын хамгийн том төмөр замын зангилаа боловч Оросын өргөн цариг (1520 мм) болон Хятадын стандарт царигийн (1435 мм) зөрүүгээс шалтгаалж ачааг заавал шилжүүлэн ачих шаардлага гардаг нь тээвэрлэлтийн хурдыг маш их сааруулдаг. Хоёр дахь зам баригдсанаар чингэлэг тээврийн галт тэрэгнүүд хоёр чиглэлд нэгэн зэрэг саадгүй зорчих боломж бүрдэхээр болов.

Уг шинэ шугам ашиглалтад орсноор 2030 он гэхэд тус боомтын ачаа тээвэрлэх хүчин чадал жилд 11 сая тонноор нэмэгдэж, нийт нэвтрүүлэх хэмжээ 39 сая тоннд хүрэх тооцоо гарч байгаа ажээ.

Шинэчлэлийн үр дүнд өдөр бүр нэмэлтээр бараг 50 хос ачааны галт тэргийг солилцох боломжтой болох ажгуу.

Орос улс Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас худалдааны урсгалаа Хятад руу бүрэн чиглүүлсэн бөгөөд 2025 оны байдлаар хоёр орны төмөр замын худалдаа 187 сая тоннд хүрч, урьд өмнөхөөсөө 2 дахин өссөн байна. Иймд хуурай газрын суурь бүтцийг яаралтай тэлэх шаардлага гарч байгаа ажээ.

Суэцийн суваг, Улаан тэнгис болон Персийн булан дахь цэргийн мөргөлдөөнөөс шалтгаалж далайн тээврийн зардал өссөн тул Хятадаас Орос, Беларусаар дамжин Европ руу хүрэх хуурай газрын транзит тээврийн эрэлт 40 хувиар өсөөд байгаа юм. Манжуурын боомт нь энэхүү Бээжин–Москва–Европын төмөр замын гол зангилаа тул ийнхүү яаралтай өргөтгөхөөр шийджээ.

В.Путиний Бээжинд хийсэн айлчлалын үеэр баталсан Манжуур–Өвөрбайкалийн төмөр замын өргөтгөл нь Монгол Улсын нутгаар дамжин өнгөрдөг Төв коридор буюу Наушки–Сүхбаатар–Улаанбаатар–Замын-Үүдийн тээврийн урсгалд болон Монгол Улсын транзит тээврийн өрсөлдөх чадварт шууд нөлөө үзүүлэхээр байна.

Энэхүү геополитикийн болон эдийн засгийн нөлөөллийг дараах үндсэн чиглэлээр авч үзэж болохоор байна. Сүүлийн жилүүдэд Орос–Хятадын худалдааны эргэлт эрс өсөж, Улаанбаатар төмөр замын (УБТЗ) тээвэрлэсэн нийт ачаа түүхэндээ хамгийн дээд түвшинд буюу 33.4 сая тоннд хүрээд байна. Үүний 5.3 сая тонн нь цэвэр транзит ачаа юм. Монголын Төв коридор одоо хүчин чадлынхаа дээд цэгт тулж, Орос болон Хятадын талаас ирэх транзит чингэлгийн цувааг цаг хугацаанд нь нэвтрүүлж амжихгүй гацаа үүсэх болсон билээ. Манжуурын боомт хүчин чадлаа 11 сая тонноор нэмэгдүүлснээр Монголын замын хэт их ачааллыг хуваалцаж, УБТЗ-д өөрийн үндэсний экспорт, импортын ачаагаа (нүүрс, зэс, барилгын материал гэх мэт) илүү шуурхай тээвэрлэх орон зайг гаргаж өгөх юм.

Монголын нутгаар дайрах Төв коридор нь Бээжингээс Москва хүрэх хамгийн дөт хуурай газрын зам (Манжуураар тойрохоос 1000 орчим км богино) гэдгээрээ олон улсад өрсөлддөг.

Гэвч Манжуур–Өвөрбайгалийн боомт дээр Хятадын нарийн царигийг (1435 мм) Оросын тал руу 12 км сунгаж, хос царигтай, хоёр шугамтай болгосноор тэнд ачаа шилжүүлэн ачих хугацаа эрс багасна. Хэрэв Манжуур урт замаар явсан ч Монголоос хурдан гаалийн бүрдүүлэлт хийж, ачаагаа гацаагүй нэвтрүүлж эхэлбэл, Ази–Европыг холбосон чингэлэг тээврийн томоохон компаниуд Монголыг алгасаж, Манжуурын замыг сонгох эрсдэл бодитой үүсэх тодорхой эрсдэл үүсэж магадгүй юм.

2016 онд гурван улсын Төрийн тэргүүн нар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталж, үүний гол цөм нь Төв коридорын төмөр замыг цахилгаанжуулах, хос замтай болгох тухай заасан байдаг. Гэвч санхүүжилт болон менежмент, хүнд суртал, идэвх чармайлтгүй байдлаас болоод Монголын төсөл удаашралтай байгаа юм.

Хятад, Орос хоёр Монголыг хүлээлгүйгээр Манжуурын боомтоо яаралтай өргөтгөж байгаа нь Монгол Улсад “Төв коридорынхоо ТЭЗҮ-г яаралтай эцэслэн, шинэчлэлээ хурдан хийх”-ийг шаардсан дам утгатай дохио гэж ойлгож болохоор байна. Хэрэв Монгол Улс Замын-Үүд, Сүхбаатар боомтоо хурдан цахимжуулж, хос замын бүтээн байгуулалтаа эхлүүлэхгүй бол транзит тээврийн асар том ашгаасаа хуваалцахад хүрнэ.

Монгол Улс Чойбалсан–Хөөт–Бичигт чиглэлийн Зүүн бүсийн төмөр замын төслийг (нарийн царигтай байхаар) урагшлуулахаар хэлэлцэж байгаа билээ. Энэ зам нь Хятадын Зүүн Хойд мужууд болон Манжууртай хил залгаа бүс рүү гардаг. Манжуурын боомт улам хүчирхэгжиж, Орос-Хятадын худалдааны зангилаа болох тусам Монголын Зүүн бүсийн боомтуудаар (ялангуяа Баянхошуу, Бичигт) Хятадын талаас ирэх эрэлт хэрэгцээ тогтвортой өсөх давуу талтай.

Манжуурын төмөр замын өргөтгөл нь Монголын Төв коридорын хэт их ачааллын гацааг намжаах сайн талтай ч, урт хугацаандаа Монгол Улсыг суурь бүтцийн шинэчлэлээ маш хурдан хийхийг шаардсан геополитикийн том шахалт болж байна.

2026 оны эхний улирлын байдлаар Орос, Хятадын худалдаа маш өвөрмөц бүтэцтэйгээр, шинэ сувгуудыг ашиглан эргэн өсөж байна.

2026 оны Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргасан албан ёсны статистикаар Орос, Хятадын худалдаа нь “түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүнээр солих” үндсэн тэнцвэрт суурилж байна. Хятадаас Орос руу хийсэн экспортын хувьд Оросын зах зээл дээрх Хятад автомашины эрэлт дээд цэгтээ хүрч, зөвхөн 2026 оны гуравдугаар сард гэхэд Хятад улс Орос руу 1.11 тэрбум ам.долларын автомашин экспортолжээ.

Хятад улс визний шаардлагыг хөнгөвчилсөнтэй холбоотойгоор Оросын “shuttle traders” буюу ганзагын наймаачдын зөөдөг бага үнийн дүнтэй хувийн хэрэглээний бараа, хувцас, цахилгаан хэрэгсэл огцом өсөж зөвхөн оны эхний гурван сард 707 сая ам.доллар, ухаалаг утас болон компьютерын нийлүүлэлт өндөр хэвээр буюу 261 сая ам.доллароор хэмжигдэж байна.

Оросоос Хятад руу хийсэн экспортын хувьд Хятадын импортын 43 хувийг Оросын түлш, эрчим хүч эзэлж байна. Сарын дүнгээр түүхий тос 5.32 тэрбум ам.доллар, дамжуулах хоолойн хий 1.01 тэрбум ам.долларт тус тус хүрчээ.

Оросын далайн гаралтай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын хэрэглэгчдийн дунд маш том тренд болж, худалдааг төрөлжүүлэх гол хөдөлгүүр болж байгаа ажээ.

Өрнөдийн хоёрдогч хориг арга хэмжээнээс (secondary sanctions) зайлсхийхийн тулд хоёр улс санхүүгийн системээ бүрэн тусгаарлах шийдэлд хүрч Орос, Хятадын хоорондын худалдааны төлбөр тооцооны 95 гаруй хувь нь хоёр талын үндэсний мөнгөн тэмдэгтээр, ялангуяа юаниар хийгдэж, цаашид де-долларжуулалтыг бүрэн хэрэгжүүлж, хоёр улс худалдааны тооцоогоо 100 хувь рубль болон юаниар гүйцэтгэх, АНУ-ын доллароос бүрмөсөн татгалзах урт хугацааны 2030 он хүртэлх төлөвлөгөөгөө урагшлуулахаар тохиролцов.

Хятадын гадаад худалдааны газар зүйн бүтэц сүүлийн жилүүдэд хурдтай өөрчлөгдөж байна. АНУ болон ЕХ-ны зах зээлээс хамааралтай байдлаа бууруулахын тулд Хятад улс AСЕАН болон “Бүс ба Зам” санаачилгын түншүүд рүү экспортоо хүчтэй тэлж эхэлсэн. Жишээ нь, 2025 онд Хятадын хамгийн том худалдааны түншээр AСЕАН тодорч, тэдгээрийн дундах худалдаа анх удаа 1.02 их наяд ам.долларыг давж байна.

Талууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэдгээ дахин нотолсон ч Монголоор дамжих “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн барилгын тодорхой хугацаа, үе шат, үнийн эцсийн тохиролцоог энэ баримт бичигт эцэслэн зааж чадаагүй байна.

Орос, Хятадын иргэдийн бүлгээрээ визгүй зорчих хөнгөлөлтийн хугацааг 2027 оны эцэс хүртэл сунгахаар тохиролцов.

Дээд түвшний уулзалтын үеэр 2026-2027 оныг “Орос-Хятадын боловсролын жил” болгон зарлаж, академик болон залуучуудын солилцоог өргөжүүлэхээр болов.

Эцэст нь В.Путиний энэхүү айлчлал нь Д.Трампын Бээжинд хийсэн айлчлалтай харьцуулахад илүү бодит гэрээ хэлэлцээртэй, Хамтарсан Мэдэгдэл, Хамтарсан Тунхаглалтай, стратегийн болон эдийн засгийн хувьд гүнзгий агуулгатай болсон гэж Reuters болон Al Jazeera зэрэг олон улсын хэвлэлүүд онцолсон бол америк, азийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ОХУ эдийн засгийн хувьд Хятадаас улам бүр хамааралтай болж буйгаа яруу тод харуулсан үйл явдал болж, харин Хятад улс өөрийгөө Өрнөдийн орнууд болон ОХУ-ын аль алинтай нь тэнцвэртэй харилцаж чадах дэлхийн “төвийг сахисан их гүрэн гэдгээ батлан харуулав гэсэн байна.