Nvidia компани Windows зөөврийн компьютерт зориулсан шинэ чип танилцуулснаар хувь хэрэглэгчийн зах зээлд хөл тавилаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Nvidia компани Даваа гарагт Windows үйлдлийн системтэй зөөврийн компьютерт зориулсан шинэ чипийг танилцуулснаар хиймэл оюуны эрин үед хувь хэрэглэгчийн зах зээлд өрсөлдөх зорилготой байгаагаа харуулжээ.

АНУ-ын технологийн аварга компанийн энэ алхам Apple, Intel, AMD зэрэг компаниудын ноёлдог персонал компьютерын зах зээлд өрсөлдөөн үүсгэж болох ч өрсөлдөгчдөөсөө үнэ өртөг өндөр байх магадлалтай байна.

Дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани болоод буй Nvidia одоо хиймэл оюуны технологийн компаниудад график процессор нийлүүлэх замаар их ашиг олдог юм.

“Microsoft болон Nvidia компаниуд компьютерыг дахин зохион бүтээх гэж байна. Энэ бол цоо шинэ компьютер байх болно” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан өчигдөр Тайваньд болж буй Computex технологийн томоохон үзэсгэлэн худалдааны үеэр RTX Sparc чипийг танилцуулахдаа хэлжээ.

“Хэрвээ та дижитал биологи ажиллуулахыг хүсэж байвал асуудалгүй. Хэрвээ та газар хөдлөлтийг тооцоолох гэж байвал асуудалгүй. Та астрофизикийг сонирхож байвал асуудалгүй. Microsoft болон Nvidia компаниуд бүх зүйлийг нягт нямбай, оновчтой болгосноор энэ компьютер дэлхий ертөнцийг бүтээсэн бүх зүйлсийг, бас өнөөдрийн агентуудыг ажиллуулдаг байх юм” гэж тэр цааш нь хэлсэн байна.

Анх видео тоглоомын графикийг өндөр хурдтай харуулах зориулалттай GPU чип үйлдвэрлэдэг байсан Nvidia өнөөдөр хиймэл оюуны технологийн гол хөдөлгүүр болоод байгаа.

Тус компанийн зах зээлийн үнэлгээ $5 их наядыг давсан нь Япон, Энэтхэг зэрэг улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүнээс ч өндөр байна.

“Nvidia персонал компьютерын уламжлалт хангамжийн сүлжээг эвдэж, эхлэлээс төгсгөл хүртэл техникийн монополийг бий болгох зорилготой байна” гэж Carthage Capital хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагч Стивен Ву өчигдрийн танилцуулгын дараа дүгнэжээ.

“Intel, AMD хоёр эхний хохирогчид болох байх” гэж тэр хэлсэн байна.

Женсен Хуан танилцуулгынхаа үеэр “Энэ бол сүүлийн 40 жилийн хугацаанд гарсан анхны бүрэн шинэчлэгдсэн, дахин зохион бүтээгдсэн компьютерын шугам юм. Энэ нь гар утсыг одоогийн ухаалаг утас болгосонтой адил том дэвшил гэдэгт эргэлзэх зүйл алга” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: AFP