Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанцыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар талууд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хэрэглэгч, тээвэрлэгч нууц бүлэглэлийг илрүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцсоныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албатай 1998 оноос хойш хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг онцлов.
Мөн Монгол Улсын мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх хүрээнд цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, лаборатори, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжилтэн сургах зэрэг олон талт чиглэлээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны зүгээс 20 гаруй жилийн турш тогтвортой дэмжлэг үзүүлж ирснийг дурдаж, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны дэмжлэгтэйгээр “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх нь” (M-LET) төслийг 2024 оны 05 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуультай хамтран авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэг зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанц сүүлийн жилүүдэд Монгол улс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг идэвхжүүлж, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, улам чадавхжиж байгааг онцоллоо. Тэрбээр хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үр дүнтэй болгоход анхаарч, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд боловсон хүчнийг бэлтгэхэд илүү анхаарна гэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байгаа учраас Засгийн газар холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, ял шийтгэлийн бодлогыг чангатгах, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхаарч байгааг дурдав.
Мөн тэрбээр цагдаагийн байгууллагад хар тамхитай тэмцэх бие даасан албыг шинээр байгуулж, хүний нөөцийг нэмэгдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд энэ ажилд олон улсын байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
