Оросын фронтын шугамд тулалдаж буй цэргүүдийг ар талаас нь таслах Украины төлөвлөгөө хэрэгжиж эхэлжээ
Тав дахь жилдээ үргэлжилж буй дайны турш Украины эрх баригчид ар араасаа тасралтгүй цувах Оросын хүн хүчний давлагааг гүйцэхгүйгээ мэдэж байсан.
Тиймээс технологийн хүчийг ашиглах стратеги баримталж ирсэн нь одоо үр дүнгээ өгч эхэлжээ.
Саяхан Украины мэргэжилтнүүд тулааны талбарт ашиглагддаг нисгэгчгүй онгоцныхоо цохилтын хүрээг гурав дахин нэмэгдүүлж, “үхлийн бүс” гэгддэг фронтын шугамын ар талын хэсгийг ийм хэмжээгээр өргөжүүлсэн байна.
Ингэснээр өмнө нь аюулгүйд тооцогддог байсан хэсэг одоо “үхлийн бүс” болжээ.
Үүний үр дүнд Оросын фронтын шугамд байлдаж буй цэргүүдийн ар талын хангамжийг хурдтай нийлүүлэх боломжгүй болсон байна.
Аюулгүй байдлын үүднээс нэрээ нууцалсан Украины нисгэгчгүй системийн батальоны нэг цэрэг “Дронууд байнга хянаж, байнга довтолж байгаа. Ингэснээр дайсны хөдөлгөөнийг удаашруулж, хэмнэлийг эвдэж, бидэнд хүмүүсийнхээ амь насыг золиослохгүйгээр тулааны талбарыг хянах боломж олгож байна” гэж ярьжээ.
Украины тал энэ оны эхнээс нисгэгчгүй онгоцны байлдааны ажиллагаагаа эрчимжүүлж, Оросын нисгэгчгүй онгоцны хамгаалалтыг устгах, өөрийн нисгэгчгүй онгоцны фронтын шугамын ард илүү гүн нэвтэрч ажиллах боломжийг нэмэгдүүлсэн байна.
Хэдхэн долоо хоногийн өмнө Украины нисгэгчгүй онгоцнууд фронтын шугамын ард 50 км зайд довтлох боломжтой байсан бол одоо 150 км хүрдэг болжээ.
Украины дроны дайны гол зүрх нь Гүн Цохилтын Командын Төв юм.
Уг төвийг 2026 оны эхээр фронтын шугам дахь Оросын цэргүүдийн ар талын хэсгийн дроны цохилтыг нэгдсэн удирдлага, төлөвлөлтөөр хангахын тулд үүсгэн байгуулжээ.
Ингэснээр Украины арми сүлжээнд төвлөрсөн дайны загварт шилжиж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
“Нарийвчлал, зохион байгуулалт, технологийн давуу тал үүнд гол үүрэг гүйцэтгэнэ” гэж Украины Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Төвийн ахлах шинжээч Антон Земляний хэлж байна.
Энэ оны ажиллагаа Nemesis зэрэг хүнд бөмбөгдөгч дронуудын дайралтаар эхэлжээ. Оросын талын “Баба Яга” гэж нэрлэдэг энэ дрон дайсныхаа нисгэгчгүй онгоцны довтолгоог эсэргүүцэх системүүдийг устгахад ашиглагдсан байна.
Ингэсний дараа Украины тулааны өндөр нарийвчлалтай дронууд ямар нэг эсэргүүцэлгүйгээр илүү хол нисэх боломжтой болжээ.
Дроны довтолгооноос хамгаалах системүүдээ алдсан Оросын арми хуучны зэвсэг техникүүдээ энэ зорилгоор хэрэглэж эхэлсэн гэнэ.
Украины 413 дугаар нисгэгчгүй системийн хорооны цэрэг, шинжээч Димко Жлуктенко “Зарим тохиолдолд Оросын ангиуд хуучин Зөвлөлтийн үеийн байлдааны нисдэг тэрэгт суурилуулсан пулемётоор дронуудтай тулалдаж байгаа” гэж ярьжээ.
Оросын цэрэг дайны сэдвээр бичдэг блогчид Украины шинэ стратеги үр дүнгээ өгч эхэлснийг хүлээн зөвшөөрч байна.
“Дайсан дахин доод тэнгэрийг хяналтдаа авлаа. Нөхцөл байдал хүнд байна” гэж тэдний нэг Телеграм хуудсандаа бичжээ.
Үүний үр дүнд Украины арми Запорожье, Донецкийн фронтын чиглэлүүдэд ахиц гаргаж, Добропилля, Хуляйпол, Купянск, Петровске, Константинопил зэрэг газруудад амжилттай довтолсон байна.
Одоогоор Украины тэнгэрийн ноёрхлыг няцаах Оросын оролдлогууд амжилтгүй болсоор байгаа.
“Үхлийн бүс” өргөжсөн нь Оросын армийг фронтын шугамд хүн хүч, зэвсэг техник хүргэхэд хэцүү болгожээ. Тухайлбал Оросын цэргүүд фронтын шугамд хүрэхийн тулд хол зайг явган туулахаас өөр аргагүй болсон нь хамгаалалтын шугамаа тогтоон барих чадварыг сулруулж байгаа юм байна.
Эх сурвалж: The Telegraph
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
