Трампын томилсон урлагийн зөвлөл түүний дүртэй алтан зоосны загварыг 100 хувийн саналаар баталжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дональд Трампын томилсон гишүүдээс бүрддэг холбооны урлагийн зөвлөл өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчийг алдаршуулах зорилгоор гаргах түүний дүртэй алтан зоосны загварыг санал нэгтэй баталжээ.

Ардчилсан Намынхан болон бусад урлагийн мэргэжилтнүүд одоо албан тушаал хашиж буй ерөнхийлөгчийн дүртэй зоос цутгах нь Америкийн үнэт зүйлстэй зөрчилдөж байгааг шүүмжилж байна.

Ялангуяа Британийн колоничлолоос салсны 250 жилийн түүхэн ойн жил ийм зоос гаргах нь зохимжгүй гэжээ.

Урлагийн зөвлөл зоосны загварыг хэлэлцэх үеэр 24 каратын алтан зоосны хэмжээ ямар байх тухай асуудал гол сэдэв болсон байна.

Ингэхдээ дээд тал нь гурван инчийн (7.62 см) диаметртэй байх боломжтой гэж үзжээ.

Энэ онд тус зөвлөлийн гишүүнээр Трампын томилсон Цагаан ордны 26 настай ажилтан Чемберлен Харрис зоосны хэмжээ ямар байхыг ерөнхийлөгчийн мэдэлд үлдээх санаа гаргасан байна.

“Хэдий чинээ том байна, төдий чинээ сайн” гэж тэр зоосны загварыг батлахын өмнө хэлжээ.

Трамп өөрийн дүртэй зоосны загварыг хэдийнээ баталсан юм байна. Одоо түүнд үнэнч сангийн сайд Скотт Бессент тушаал өгвөл US Mint компанид цутгаж эхлэх ажээ.

АНУ-ын сангийн яамны мэдэгдэлд “Бид 250 жилийн ой дөхөж буй энэ үед улс орон, ардчиллын мөнхийн үзэл санааг илэрхийлсэн зоос гаргах гэж байгаадаа баяртай байна. Уг зоосны нүүрэн талд манай одоогийн ерөнхийлөгч Дональд Ж. Трампаас илүү дээр тохирох бэлгэдэл байхгүй юм” гэсэн байна.

Зоосны нүүрэн дээр хоёр гараараа ширээ тулан тонгойж, ширүүн царай гаргасан Трампын дүр залрах гэнэ.

Энэ нь Вашингтоны үндэсний хөрөг зургийн галерейд тавигдсан түүний хөрөг юм.

зураг
 

“Ардчиллын удирдагчид биш, зөвхөн хаад болон дарангуйлагчид л зоосон дэр дүрээ мөнхөлдөг юм” гэж Ардчилсан Намын сенатор Жефф Меркли шүүмжилжээ.

Тэрбээр үүнийг “Америкийн 250 жилийн ойн утга учрыг гажуудуулах гэсэн оролдлого” гэж дүгнэсэн байна.

Холбооны засгийн газрын өөр нэг урлагийн зөвлөл болох Citizens Coinage Advisory Committee-ийн гишүүн Дональд Скаринчи үүнийг АНУ-ын ерөнхийлөгч, ерөнхийлөгч асан эрхмүүдийг нас барснаас нь хойш гурван жилийн дотор зоосон дээр дүрслэхийг хориглосон хуулийг зөрчиж байгааг анхааруулжээ.

Тус хороо өнгөрсөн сард Трампын дүртэй зоос цутгах санааг эсэргүүцэж байсан юм.

Трамп алтан зоосыг дурсгалын зориулалтаар гаргах бол $1-ийн бас нэг зоосыг гүйлгээнд гаргах гэж байгаа.

2025 оны нэгдүгээр сард Цагаан ордонд буцаж ирснээсээ хойш Трамп өөрийн нэрийг мөнхлөх ажлыг эрчимтэй эхлүүлсэн. Тухайлбал тэр Вашингтоны алдартай барилгууд, тэнгисийн флотын байлдааны хөлгийн шинэ ангилал, гадаадын чинээлэг иргэдэд зориулсан визийн хөтөлбөр, засгийн газрын жороор олгодог эмийн вэбсайт, хүүхдүүдэд зориулсан холбооны хадгаламжийн данс зэрэгт өөрийн нэрийг өгөөд байгаа.

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр төрийн департамент АНУ-ын засгийн газрын санхүүжилттэй US Institute of Peace (Энх Тайвны Хүрээлэн) төвийн нэрийг “Donald J. Trump Institute of Peace” болгон өөрчилж байв. Трамп үүнээс хойш гуравхан сарын дараа Ираны эсрэг дайныг эхлүүлсэн юм.

 

Эх сурвалж: Reuters