Лука Дончич 60 оноо авлаа
Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг (NBA)-ийн улирлын тоглолтууд ид үргэлжилж буй.
Өнөөдөр "Майами Хит", "Лос Анжелес Лэйкерс" багийн тоглолт 134:126-гаар "Нуурынхны" ялалтаар өндөрлөсөн.
Уг тоглолтод "Лэйкерс"-ийн лидер Лука Дончич 60 оноо авснаар шар өмсгөлтэй хамгийн их оноогоо бичүүлэв.
Л.Дончич 2024 онд өөрийн замналын хамгийн олон буюу 73 оноогоо авч байсан бол 2022 онд 60 оноо авсан түүхтэй.
Эдгээр тоглолтоо тэр "Даллас Маверикс" багийн өмсгөлтэй үзүүлж байв. Л.Дончич "Лэйкерс"-ийн түүхэнд нэг улиралд 50-аас дээш оноог хоёроос олон удаа үзүүлсэн ес дэх тоглогч болж байна. Энэ улиралд тэр "Чикаго Буллз"-ын эсрэг 51 авчээ.
Өдгөө 41 настай Леброн Жэймс лигийн түүхэнд хамгийн олон улирлын тоглолтод оролцсон хоёр тоглогчийн нэг болохдоо 19 оноо, 15 самбараас бөмбөг авч, 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэлээ.
Тэрбээр өөрийн замналын 1,611 дэх тоглолтод оролцсоноор Роберт Паришийн дээд амжилттай зэрэгцсэн юм.
Од тоглогчдынхоо урамтай тоглолтын ачаар "Лэйкерс" одоогоор найм дараалан ялсан үзүүлэлтээр Өрнөд бүсийнхээ гуравдугаарт жагсаж буй. Тэд энэ улирлын 45 дахь ялалтаа байгуулсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
