Путинийг шүүмжилж эхэлсэн Кремлийн блогчийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр Кремлийн үнэнч суртал нэвтрүүлэгчдийн нэг Илья Ремесло гэнэт ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг хүчтэй шүүмжилж эхэлсэн нь олныг гайхшируулсан билээ.

Мягмар гарагийн орой тэр өөрийн 90,000 дагагчтай Телеграм хуудсанд “Би Владимир Путинийг дэмжихээ больсон таван шалтгаан” гэсэн гарчигтай мэдэгдлийг нийтэлсэн юм.

Тэрбээр Украины “бүтэлгүй” дайнд сая сая хүний амийг хөнөөж, Оросын эдийн засгийг сүйрүүлсэн гэж Путинийг буруутгаж байв.

“Владимир Путин бол хууль ёсны ерөнхийлөгч биш. Путин огцорч, дайны гэмт хэрэг, хулгайн хэргээр шүүгдэх ёстой” гэж Ремесло бичжээ.

Тэгвэл өчигдөр буюу Пүрэв гарагт Санкт Петербург хотын Фонтанка сонин Ремесло тус хотын сэтгэцийн гуравдугаар эмнэлэгт хэвтсэн тухай мэдээлсэн байна.

Гэхдээ ямар үндэслэлээр хэвтүүлсэн талаар дэлгэрүүлээгүй байна.

Хуульч мэргэжилтэй Ремесло нь Кремлийг шүүмжлэгчид, сөрөг хүчнийхнийг шүүхэд өгч, шоронд хориулахад идэвхтэй зүтгэдэг байсан хүн юм. Тэрбээр Алексей Навальный агсныг яллахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Кремлийн ийм үнэнч хамгаалагч гэнэт эзнийхээ эсрэг эргэсэн нь онцгой сонин үйл явдал байлаа.

Ямартай ч энэ нь тав дахь жилдээ үргэлжилж буй дайнаас Оросын олон нийт залхаж эхэлсний шинж тэмдэг байж магадгүй юм.

Оросын иргэдийн дунд Путиний дэмжлэг өндөр хэвээр байгаа ч гуравдугаар сарын 3-нд Левада хараат бус төвийн нийтэлсэн санал асуулгын үр дүнгээс оролцогчдын 67 хувь нь дайныг дуусгаж, энхийн яриа хэлэлцээнд шилжих ёстой гэсэн байр суурьтай байгаа харагдсан.

Энэ бол өмнөх сараасаа огцом өсөж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн үзүүлэлт юм.

“Хэрвээ энэ нь олон нийтийн санаа бодлыг шалгах гэсэн аюулаас хамгаалах албаны өдөөн хатгалга биш л бол нийгэм дайнаас залхаж байгаагийн илрэл юм. Хүн амын дунд болон эрх баригчдын дунд цөхрөл илт мэдрэгдэх болсон” Москвад төвтэй улс төрийн шинжээч Андрей Колесников ярьжээ.

Ремеслогийн мэдэгдэл Кремлийг шүүмжлэгчид болон дэмжигчдийн аль алиныг нь цочроосон үйл явдал байлаа.

“Дайн сунжирч, бүх хүмүүсийг залхааж, боломжуудыг үгүй хийж байна. Эндээс бидэнд ийм Путин ямар хэрэгтэй юм бэ? гэсэн асуулт урган гарч ирж байна. Ремесло бол Путинийг дэмжигч, дайныг дэмжигч элитүүд сэтгэл дундуур байгаагийн жижиг шинж тэмдэг юм” гэж R.Politik байгууллагын үүсгэн байгуулагч Татьяна Становая ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters