Гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэсэн аврагчдад цалингийн 15-105 хувиар тооцон урамшуулал олгодог болжээ
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж буй Онцгой байдлын байгууллагын алба хаагчид жилд дунджаар 4,400 гаруй аюулт үзэгдэл, ослын дуудлагаар гал түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэж, 5,300 хүний амь нас, 233 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалдаг байна.
Иймд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 68/А62 дугаар тушаалаар “Амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталжээ.
Тус журамд:
- Аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж хүний амь нас аварсан тохиолдолд аварсан хүний тоогоор /85 хувь/;
- Буцалтгүй нэрвэгдэгч гаргасан тохиолдолд /105 хувь/;
- Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхээр агаарын хөлгөөс шүхэр болон десантаар буусан зааварлагч, шүхэрчин аврагч нарын буулт тутамд /44 хувь/;
- Гал түймрийн голомт, усны болон газрын гүнд тусгай зориулалтын хувцас хэрэглэлтэй үүрэг гүйцэтгэсэн тохиолдол /15 хувь/-ийн мөнгөн урамшуулал олгохоор тус тус тусгасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
