Оскарын шагналт жүжигчин Шон Пэнн Украины дорнод фронтод зочлов
Өнгөрсөн Ням гарагт өндөрлөсөн Оскарын наадмаас "One Battle After Another" кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн Шон Пэнн ёслолын арга хэмжээнд оролцоогүй.
Харин Даваа гарагт тэр Киев хотод Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсан юм.
Пэнн өмнө нь нэг бус удаа Украинд очиж, Зеленскийгийн тухай баримтат кино хүртэл хийсэн удаатай.
Тэгвэл энэ удаад нэрт жүжигчин эр Донецк мужийн дорнод фронтод зочилж Үндэсний гвардын "Спартан" бригадын алба хаагчидтай уулзжээ.
Хэдийгээр Оскарын наадмаас шагналаа гардаж аваагүй ч украинчууд түүнд талархлын оскар бэлэглэсэн юм. Тус улсын төмөр замын гүйцэтгэх захирал Олександр Перцовский "төмөр хүн"-ийг гардуулсан байна.
Пэнн нийт зургаан удаа Оскарт нэр дэвшсэн. Тодруулбал 1996 онд "Dead Man Walking", 2000 онд "Sweet and Lowdown", 2002 онд "I Am Sam" киноны гол дүрээр өрсөлдөж байсан бол 2004 онд "Mystic River", 2009 онд "Milk" кинонд бүтээсэн дүрээрээ "алтан хүн"-ийг атгаж байв.
Харин хамгийн сүүлд оны шилдэг киногоор нэрлэгдсэн оддын цуглуулга "One Battle After Another" кинонд бүтээсэн туслах дүрээрээ шилдгээр шалгарсан билээ.
Ингэснээр тэр Оскарыг гурвантаа авсан дөрөв дэх эрэгтэй жүжигчин болсон юм. Түүнээс өмнө Уолтер Бреннан, Жэк Николсон, Даньел Дэй Льюс нар гурван оскар авсан удаатай.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
