Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Парк чиглэлд дүүжин тээвэр явуулах ТЭЗҮ-ийг боловсруулахаар бэлтгэж эхэлжээ
Нийслэлийн иргэд Яармаг-Хархорин чиглэлд дүүжин тээврээр энэ оны төгсгөлд зорчдог болно гэж холбогдох албаны хүмүүс мэдээлээд буй.
Одоогийн байдлаар нэгдүгээр шугам буюу тус чиглэлийн 4.2 километр үргэлжлэх дүүжин замын тээврийн зогсоол, тулгуур багана, техникийн байгууламжуудын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа билээ.
Харин уг тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн(Парк) чиглэлд барих төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийг боловсруулахаар бэлтгэлээ хангаж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Франц улсын Засгийн газрын 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээврийн барилга байгууламжийг барьж байгаа бөгөөд тасалбарын үнийг 2,600 орчим төгрөгөөр тооцоолсон ч эцсийн байдлаар тогтоогоогүй байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
