Швейцарын цанын баазад дүүжин тээврийн бүхээг газарт унасны улмаас нэг хүний амь үрэгджээ
Швейцарын Альпийн нуруунд оршдог Энгельбэрг цанын баазад өчигдөр дүүжин тээврийн бүхээг уулын өндрөөс газарт унасны улмаас нэг эмэгтэй амиа алджээ.
Уг бүхээг орон нутгийн цагаар 11:00 цагийн үед “тодорхойгүй шалтгааны улмаас тросноосоо салсан” гэж Нидвалден мужийн цагдаагийн газар мэдээлсэн байна.
Гэрчүүдийн ярьснаар тухайн үед уулын энгэрт хүчтэй салхи үлээж байсан гэнэ. Титлис уулын уруу өнхөрч байгаа бүхээгийн дүрс бичлэг сошиал орчинд тарсан байна.
Хохирогч нь орон нутгийн оршин суугч, 61 настай эмэгтэй байсныг цагдаа нар зарлажээ. Эмэгтэй тухайн үед бүхээгт ганцаараа зорчиж байсан байна.
Осол гарах үед бүхээг Трюбси зогсоолоос дөнгөж хөдлөөд уулын дунд хэсэгт өгсөж байжээ.
Энэ үед уулын ойр орчимд салхины хурд 80 км/цагаас дээш байсныг цагдаагийн газар мэдээлсэн байна.
Салхины хурд 60км/цагаас дээш гарсан тохиолдолд ихэнхдээ уулын дүүжин тээврийн үйл ажиллагааг зогсоодог гэнэ.
Ослын дараа 40 орчим бүхээгээс 100-200 орчим зорчигчийг нүүлгэн шилжүүлж, дүүжин тээврийн үйлчилгээг бүрэн зогсоожээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
