Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг бууруулжээ
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны наймдугаар сарын 11-ний өдрийн А/1172 дугаартай “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар авах арга хэмжээний тухай” тушаалыг хүчингүй болгосныг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-наас мэдээлэв.
Тодруулбал хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авахад тухай бүр хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарснаар улсын бүртгэл хөтлөх процесс нь ихээхэн хугацаа шаарддаг байсан.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд хүчингүйд тооцох асуудлыг зохицуулж байсан дээрх тушаалыг холбогдох хууль, журамд нийцүүлэн хүчингүй болгож, улсын ерөнхий байцаагчийн байнгын шинжтэй дүгнэлт гаргажээ.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд улсын ерөнхий байцаагчийн байнгын шинжтэй нэг удаагийн дүгнэлтийг үндэслэх юм.
Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор гэрчилгээ үрэгдүүлсэн тохиолдолд гэрчилгээг дахин олгох хугацааг богиносгохоор холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг боловсруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
