Ираны эрчим хүчний байгууламжийг чиглэсэн Израилийн цохилтыг Трамп урьдчилж мэдээгүй байснаа хүлээв
Лхагва гарагт Израилийн арми Ираны байгалийн хийн томоохон орд болох Өмнөд Парсын талбайд довтолсон нь Ойрх Дорнодын дайныг өргөжүүлэх ноцтой эрсдэл үүсгэсэн билээ.
Гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй дайны турш өмнө нь талууд эрчим хүчний дэд бүтцүүдийг онилоогүй байсан юм.
Хариуд нь Ираны зэвсэгт хүчин Катарын байгалийн хийн байгууламжид агаарын цохилт өгсний улмаас дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ дахин өссөн.
Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Израилийн уг цохилтын талаар урьдчилж мэдээгүй байснаа зарлажээ.
Үүнээс өмнө Израилийн хэвлэлүүд дээрх цохилтыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар урьдчилан тохиролцсон тухай мэдээлж байлаа.
Гэтэл Трамп сошиал хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлд “Израиль улс уур хилэнгээсээ болж ийм зүйл хийсэн” гэж тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл Ираны эсрэг дайны стратегийг АНУ, Израил улсуудын удирдагчид хоорондоо нарийвчлан тохиролцсон эсэх нь бүрхэг болж байна.
Дараа нь Трамп үргэлжлүүлэн бичихдээ Ираны амин чухал эрчим хүчний байгууламжид Израил улс дахин халдахгүйг амлажээ.
“Ираны маш чухал бөгөөд үнэ цэнтэй Өмнөд Парсын талбайд ИЗРАИЛ УЛС ДАХИН ХАЛДАХГҮЙ” гэж тэр онцгойлон том үсгээр бичсэн байна.
Гэхдээ тэр бас “Иран улс гэм буруугүй улс руу, энэ тохиолдолд Катар, халдах ухаалаг бус шийдвэр гаргахгүй л бол” гэж тодотгожээ.
Израилийн тал ч бас Ираны эсрэг байлдааны ажиллагаагаа АНУ-тай нягт холбоотой явуулж байгааг батлан илэрхийлсэн байна.
Тухайлбал Лондонд суугаа Израилийн элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Алекс Гандлер өчигдөр хэвлэлд ярихдаа “Иран дахь Исламын дэглэм, Исламын Хувьсгалт Гвард, тэдний баллистик пуужин, цөмийн хөтөлбөр зэрэг асуудлууд дээр бидний зорилго ихэнхдээ нийлж байгаа. Бид ижил зүйлийг хүсэж байна” гэж мэдэгджээ.
Гэхдээ бодит байдлаас харвал Израилийн эрх баригчид Ираны дэглэмийг солих хүсэл эрмэлзэлдээ илүү тууштай байгаа бололтой.
Израилийн хэвлэлүүд Өмнөд Парсын талбайд халдсан үйлдлийг Тегераны дэглэмийн эрх мэдэл, хүч чадлыг сулруулах тасралтгүй хүчин чармайлтын нэг мэтээр дүрслэн бичжээ.
Өнгөрсөн хугацаанд АНУ-ын арми Ираны пуужин, нисгэгчгүй онгоцны чадавхыг доройтуулах, тэнгисийн флотыг устгах, цөмийн хөтөлбөрийг нь зогсоох зорилгод чиглэж байсан бол Израилийн тал Ираны удирдлагуудыг агнаж, төрийн хяналтын элементүүдийг устгаж, ард иргэдийн бослого тэмцэлд саад болох аливаа хүчин зүйлүүдийг доройтуулахыг хичээж байна.
Трамп өчигдрийн мэдэгдэлдээ бас Ираныг сүрдүүлэхээ мартаагүй юм.
Тухайлбал Катарын эрчим хүчний байгууламжид дахин халдвал АНУ нь Израилийн тусламжтай болон тусламжгүйгээр Өмнөд Парсын хийн ордыг бүхэлд нь “Ираны урьд өмнө хэзээ ч харж байгаагүй их хүчээр дэлбэлнэ” гэж тэр анхааруулжээ.
АНУ, Израил улсууд ойрын холбоотнууд боловч түүхэндээ анх удаа нэг дайнд хамтран оролцож байгаа нь энэ юм.
Гэхдээ дайн сунжрах тусам Трампын хувьд нөхцөл байдал улам ээдрээтэй болж байна. Энэ дайны үр дүнд Бенжамин Нетаньяху ерөнхий сайдын суудалдаа дахин заларч, харин арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулиар Трампын Бүгд Найрамдах нам хохирол амсах магадлалтай болжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
