Ормузын хоолойн хариуцлагыг АНУ холбоотнууддаа үлдээгээд явах боломжтойг Трамп анхааруулав
Дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтэд чухал ач холбогдолтой Ормузын хоолойг Ираны аюул заналхийллээс хамгаалахад хамтран ажиллах Трампын уриалгыг АНУ-ын холбоотнууд хүлээж авахаас татгалзсан.
Энэ нь Трампыг маш их бухимдуулж, сүүлийн хэдэн өдрийн дотор байр сууриа дахин дахин өөрчлөхөд хүргээд байна.
Хамгийн сүүлд тэр уг хоолой АНУ-д ач холбогдолгүй тул шийдлийг холбоотнууддаа үлдээгээд орхиж явахаар сүрдүүлжээ.
Гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй АНУ, Израилийн байлдааны ажиллагааны хариуд Иран улс Ормузын хоолойг хаасан нь Трампыг хүнд байдалд оруулаад байгаа.
Тэрбээр Европ, Азийн холбоотнууддаа тус хоолойд байлдааны хөлгүүдээ илгээж, газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийг хамгаалахыг хоёр ч удаа уриалаад бүтээгүй юм.
Мягмар гарагт Трамп үүнд гоморхож, Ормузын хоолойг хамгаалахад хэний ч туслалцаа хэрэггүй, АНУ дангаараа чадна хэмээн мэдэгдэж байв.
Харин өчигдөр тэр АНУ энэ асуудлыг бүрмөсөн хаяж, шийдлийг холбоотнууддаа үлдээгээд явах боломжтойг анхааруулжээ.
“Хэрвээ бид Ираны террорист улсад хийх зүйлээ дуусгаад тэр хоолойг хэрэгтэй улсуудад нь үлдээгээд явбал яах бол? Энэ нь манай хариу өгдөггүй ‘Холбоотнууд’-ыг хурдан ажиллахад хүргэх болно!!! Ерөнхийлөгч ДЖТ” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байв.
Одоогоор цөөн хэдэн арилжааны хөлөг Ираны галын цохилтод өртсөний улмаас ачаа тээврийн урсгал саатсан нь дэлхийн зах зээлд газрын тосны үнийг огцом өсөхөд хангалттай нөлөөлөөд байгаа.
Хэдийгээр Трамп янз бүрийн хувилбар ярьж байгаа ч Мягмар гарагийн орой АНУ-ын зэвсэгт хүчин Ормузын хоолойн ойр орчимд байрладаг Ираны пуужингийн байгууламжуудад бункер тэслэгч бөмбөгөөр довтлох болсныг зарласан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
