Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлаас хоёр дахин хурдацтай мэдрэгдэж байгааг мэргэжилтнүүд анхааруулав

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны өндөр уулын бүсийн эко систем, мөнх цас, мөсөн гол хэрхэн хайлж өөрчлөгдөж эрсдэлд орж байгаа болон өндөр уулын бүсэд амьдардаг ирвэсний амьдралаар судалгаа хийдэг эрдэмтдийн хэлэлцүүлэг өнөөдөр "Новотел" зочид буудалд боллоо.

Дэлхийн Байгаль Хамгаалах Сантай хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт тус сангаас Монгол дахь хөтөлбөрийн газраас өндөр уулсын бүсэд хийж буй ажил, ирвэсийн судалгааг танилцуулсан юм.

Түүнчлэн "Өндөр уулын орчин, экосистемийн онцлог", уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний тайлангаас мэргэжилтнүүд сонирхуулав.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний тайлангийн талаар Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэсүх "Манай улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлаас хоёр дахин хурдацтай мэдрэгдэж байна.

Монгол орны жилийн дундаж агаарын температур уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 70-80 жилийн дотор +2.4°C-аас +2.46°C-аар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас даруй 2-3 дахин өндөр үзүүлэлт юм.

Манайх шиг далай тэнгисээс алслагдсан, эрс тэс уур амьсгалтай бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт илүү хүчтэй мэдрэгдэж буй. Өөрөөр хэлбэл улам л эрс тэс уур амьсгалтай болсноор гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Үүнээс болоод нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь ч нэмэгдэж байгаа.

Харамсалтай нь газрын гадарга дээр бус өндөр уулын бүсэд уур амьсгалын өөрчлөлт хурдацтай байгаа нь бидний санааг зовоож байна. Ингэснээр энэ бүс нутагт амьдардаг ан амьтдын орчин нөхцөл доройтож эхэлсэн.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах ганц арга хэмжээ нь сэргээгдэх эрчим хүчийг л хэрэглээнд нэвтрүүлэх юм. Иргэдийн хувьд хамгийн түрүүнд барилга, гэр хорооллынхоо дулаан алдагдлыг л багасгах нь нэн тэргүүнд хийх зүйл.

Мөн хог хаягдлаас маш их хэмжээний хүлэмжийн хий ялгардаг. Тиймээс хогоо ангилж хаяж хэвших нь чухал.

Хот суурин газарт уур амьсгалын өөрчлөлт хамгийн тод мэдрэгдэх зүйл нь хур тунадасны хэлбэр өөрчлөгдсөн явдал. Тодруулбал аадар тунадасны давтамж нэмэгдсэнээр үер, усны давтамж нэмэгдэнэ. Энэ жил бол манай оронд цасан бүрхүүл маш сайн тогтлоо. Нийт нутгийн дийлэнхгүйд нь цасан бүрхүүлтэй байсан. Цасан бүрхүүл хайлснаар шар усны үерийн эрсдэл дагуулдаг" гэв.

"Хүн, зэрлэг ан амьтад зэрэгцэн орших бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн соёл. Үүнийг орчин үеийн судалгаатай хослуулан авч явах нь чухал"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, дэд профессор Ө.Баярсайхан "Өндөр уулын орчин, экосистемийн онцлог" сэдвээр хийсэн судалгааныхаа талаар "Манай хийсэн судалгаагаар 2050 он гэхэд зэрлэг амьтдын зүйлүүд устгаж байгааг бүрэн зогсоогоод зэрэгцэн оршиж амьдрахад суралцах том зорилго тавьсан.

Зэрэгцэн оршино гэдэг нь хүн, ан амьтан, ургамлын амьдрах орчны давхцлыг хэлж байгаа юм. Монголчууд бол нүүдэлчин ард түмэн. Анхнаасаа бид байгальтайгаа дасан зохицож ирсэн. Үндэстнийхээ хувьд бид хэзээ ч байгальдаа сөрөг нөлөөлөхөөр амьдарч үзээгүй хүмүүс. Монгол малчид нүүгээд явахад бэлчээр нь сэргэдэг. Энэ туршлагаасаа өнөөгийн бид суралцах хэрэгтэй байна.

Эхний ээлжид бид өвөг дээдсээсээ өв уламжлагдан ирсэн туршлагаасаа суралцаад дараагаар нь орчин үеийн чиг хандлага болон шинжлэх ухааны суурь судалгаанд үндэслэгдсэн шийдлүүдээр арга хэмжээ авдаг болох хэрэгтэй. Үүнийгээ бид зэрэгцэн орших гэж нэрлээд байгаа юм.

Бид өнгөрсөн жил Байгаль орчны яамтай хамтраад манай улсад амьдарч байгаа ан амьтдын тоо толгойг шинээр гаргасан. Энэ судалгаанаас үзэхэд манай улсад амьдарч байгаа ан амьтдын тоо толгой эрс цөөрсөн зүйл анзаарагдаагүй. 

2006 онд хийсэн судалгаагаар мазаалай баавгай, хавтгай тэмээ, зэрлэг тахийг устах аюулд байна гэсэн дүгнэлт гарсан. Үүний хүрээнд сүүлийн 20 жилийн хугацаанд хамгаалах арга хэмжээ авснаар хоёр зүйлийг нь улаан номоос гаргаж чадсан" гэлээ.