Өмнөд Солонгосын соёл урлагийн салбарын хамгийн баян эрхмээр “BTS хамтлагийн эцэг” тодров

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

HYBE группийн ерөнхийлөгч, “BTS хамтлагийн эцэг” хочоороо алдаршсан Бан Ши Хюк хөрөнгийн хэмжээгээрээ Өмнөд Солонгосын соёл урлагийн салбарын зүтгэлтнүүдийг тэргүүлжээ.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Korea CXO Institute хүрээлэн тус улсын соёл урлагийн контентын салбарын хамгийн их хөрөнгөтэй эрхмүүдийг жагсаахад 4.8 их наяд воны ($3.6 тэрбум) үнэлгээтэй хувьцаа эзэмшдэг тэр эхэнд нь эрэмбэлэгдсэн байна.

Уг судалгаанд кино, хөгжим, жүжиг, вэбтүүн, вэб уран зохиол зэрэг салбаруудын олон нийтэд нээлттэй компаниудад 10 тэрбум воноос дээш үнэлгээтэй хувьцаа эзэмшдэг хүмүүсийг хамруулжээ.

Гуравдугаар сарын 17-ны байдлаар нийт 27 эрхэм энэ босгыг давж байсан байна. Тэдний эзэмшдэг хувьцааны нийт үнэлгээ 6.127 их наяд вон болсон нь сүүлийн гурван сарын хугацаанд 127.6 тэрбум гаруй воноор өссөн үзүүлэлт болжээ.

Үүнээс Бан Ши Хюкийн эзэмшдэг хувьцааны үнэлгээ дангаараа 78 орчим хувийг эзэлсэн нь HYBE-ийн Өмнөд Солонгосын эдийн засагт үзүүлэх нөлөөг харуулж байна.

Дэд байранд JYP Entertainment компанийн үүсгэн байгуулагч Пак Жин Ён 362.7 тэрбум воны үнэлгээтэй хувьцаагаараа оржээ.

Гуравдугаарт 225 тэрбум воны хувьцаа эзэмшдэг YG Entertainment компанийн Ян Хюн Сүк жагссан байна.

Араас нь Danal компанийн ерөнхийлөгч Пак Сун Чан, Cube Entertainment компанийн гүйцэтгэх захирал Кан Сюн Гон нар удаалжээ.

Хэдийгээр дэлхийн хэмжээний одод болсон ч BTS хамтлагийн гишүүд харьцангуй бага хэмжээний хувьцаа эзэмшдэг юм. Тухайлбал хамтлагийн долоон гишүүн тус бүр 20 орчим тэрбум воны үнэт цаас эзэмшиж байна.

Тэдний хөрөнгийн тухай мэдээлэл сүүлийн жилүүдэд өмнөхөөсөө илүү хаалттай болсон. Учир нь 2023 оны есдүгээр сард тэд HYBE компанийн том хувь эзэмшигчдийн ангилалд багтахаа больсон тул хөрөнгийн хэмжээгээ олон нийтэд зарлах шаардлагагүй болсон юм.

 

Эх сурвалж: Korea Times