2023 онд 149 хүүхэд мориноос унаж бэртсэн. Дөрвөн хүүхэд нас барсан хэргийг Эрүүгийн хэргийн дагуу шийдвэрлүүлжээ
Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос Засгийн газрын хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг сэргээсэн тухай асуудлаар өнөөдөр мэдээлэл хийв.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан хурдан морины унаач хүүхдийн эрхийн асуудлаар дараах баримтуудыг дурдав.
ХЭҮК-оос уг асуудлаар 2015 онд Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх, 2022 онд Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааг хийсэн байна.
Тэрбээр "Хаврын уралдаан нь бэлтгэл ажилтайгаа нийлээд сар гарны хугацаа шаарддаг. Энэ үед хүүхэд хичээлээсээ чөлөө авах, таслах шаардлагатай болдог. Энэ нь хүүхдийн ирээдүйд сөргөөр нөлөөлж байгаа тухай судалгаануудад дурдагдсан байдаг.
2024 онд 11 мянга гаруй унаач хүүхэд бүртгэгдсэнээс 1,000 гаруй нь өөрийнхөө морийг үлдсэн нь гэрээгээр эсвэл тохиролцож морь унаж байна
Судалгаанд оролцсон унаач хүүхдүүд өглөө эрт босох, ахуйн ажилд нь туслах, уяачийн зүгээс загнах зандрах зэрэг нь сэтгэлзүйд нь хүндээр тусдаг гэжээ
Хурдан морины уралдаантай холбоотой эрхзүйн зохицуулалтуудаа цаашид боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байна. Үүнд ХЭҮК хамтарч ажиллахад бэлэн байгаа. Хүүхдийн эрх ашиг ямагт нэгдүгээрт байх ёстой гэсэн зарчмаа барих ёстой" гэв.
2018 оноос 2,436 хүүхэд мориноос унаж, 1,035 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 унаач хүүхэд амь насаа алдсан байгаа нь зөвхөн бүртгэгдсэн тоо юм. Бүртгэгдээгүй тохиолдлууд байхыг үгүйсгэхгүй гэв.
Уралдаанч хүүхэд бүр бүтэн жилийн хугацаатай, 100,000 төгрөгийн хураамжтай, 20 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох даатгалыг заавал хийлгэдэг байна.
- 2022 онд 85 хүүхэд мориноос унаж бэртсэн. Эрүүгийн хуулийн дагуу шийдэгдээгүй. Нэг нас барсан хэргийг Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэсэн.
- 2023 онд 149 хүүхэд мориноос унаж бэртсэнээс нэг хэргийг Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэсэн. Дөрвөн хүүхэд нас барсан хэргийг Эрүүгийн хэргийн дагуу шийдвэрлүүлсэн.
- 2024 234 хүүхэд мориноос унаж бэртсэн 7 хэргийг Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
