Уншиж байна ...

Орос улсын сансарт пуужин хөөргөсөн үзүүлэлт 1960-аад оныхоо түвшинд хүртэл буурчээ

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 11 цаг 19 минут
iKon.MN
Зураг зураг

Нэгэн цагт сансрын тэргүүлэгч гүрэн байсан Орос улсын хөөргөх пуужингийн тоо жилээс жилд буурсаар байгааг тоо баримт харуулж байна.

Роскосмос өнгөрсөн онд 17 удаа сансарт пуужин хөөргөсөн нь 2023 оноос хоёроор, 2022 оноос дөрвөөр цөөрсөн үзүүлэлт болжээ.

Харьцуулбал 2024 онд АНУ 145 удаа буюу найм дахин, Хятад улс 68 удаа буюу дөрөв дахин олон пуужин сансарт хөөргөснийг Payloadspace порталын мэдээлэл харуулж байна.

Роскосмос жил бүр 40 удаа пуужин хөөргөх төлөвлөгөөтэй ажилладаг бол өнгөрсөн онд үүнийхээ талыг ч биелүүлж чадаагүй юм.

Цар тахлын үеэр буюу 2020-2021 онуудад тус бүр 16 пуужин хөөргөж байсныг эс тооцвол энэ нь түүхэн доод үзүүлэлт болж байна.

Өнгөрсөн оны үзүүлэлт нь 1960-аад оны эхэн үе буюу Юрий Гагарины үеийн түвшинд хүртлээ буурсан үр дүн болохыг BBC агентлагийн гаргасан статистик тоо баримт харуулжээ.

2000 оны үед Роскосмос жилд 30 удаа, АНУ 28 удаа, Европын орнууд 12 удаа, Хятад улс 5 удаа сансарт пуужин хөөргөж байсан байна.

Өнгөрсөн хугацаанд АНУ жилийн хөөргөлтийнхөө тоог 5.2 дахин, Хятад улс бараг 14 дахин өсгөжээ.

Орос улс тэдний араас удаалж, Шинэ Зеландын 13 хөөргөлтийн дөнгөж өмнө жагсаж байна.

1970-аад оны сүүлээр сансар судлал оргилдоо хүрэх үедээ Зөвлөлт Холбоот Улс хөөргөлтийн тоогоор АНУ-аас дөрөв дахин илүүрхдэг байжээ.

Тэр үеэс хойш Оросын пуужин хөөргөлт бараг зургаа дахин буураад байна.

Украины дайнтай холбоотой хориг арга хэмжээний улмаас Роскосмос гадаадын бараг бүх үйлчлүүлэгчээ алдсан нь үүнд нөлөөлж байгаа.

Тус байгууллагын дэд тэргүүн Андрей Елчанов үүнтэй холбоотой санхүүгийн алдагдлын хэмжээ 180 тэрбум рубль хүрснийг өнгөрсөн онд мэдээлж байжээ.

2020-2023 онуудад Роскосмосын нийт алдагдал 100 тэрбум рубль давж, төсвийн дутуугаа нөхөхийн тулд өнгөрсөн оноос зарим эд хөрөнгөө зарж эхэлсэн юм.

ОХУ-ын засгийн газрын Роскосмост хуваарилдаг төсвийн хэмжээ буурсаар байгаа.

Дайны өмнөх 2021 онд Оросын холбооны төсвийн 0.95 хувь Роскосмост оногдож байсан бол энэ онд 0.77 хувь болон буурч, 2027 онд 0.63 хувьд хүрэх төсөөлөл гарсан байна.

Супер хүнд даацын пуужин хөөргөх, саран дээр байнгын станц байгуулах зэрэг амбицтай төслүүд нь тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

Украины дайн эхэлснээс хойших Роскосмосын хамгийн том сансрын төсөл Луна-25 станцыг саран дээр буулгах байсан нь  сүйрлээр төгссөн юм.

Дайны улмаас олон улсын тавцанд ганцаардсан Оросын хамгийн ойрын түнш нь Хятад улс болоод байгаа.

Гэхдээ Хятад улс бүх салбарт харилцаагаа урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хөгжүүлж байгаа гэдэг ч сансар судлалын салбарт хамтрах сонирхолгүй байгааг сансрын мэргэжилтэн Иван Тимофеев хэлж байна.

“Хятадын тал бүх зүйлээ өөрөө хийж, хамтрах сонирхолгүй байна. Оросоос тэдэнд санал болгох юм алга” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times