Индэр    
1 цаг 2 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

АН, ХҮН-ийнхээн хүний эрхийн мэдрэмж чинь хаачив?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газраас хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутагт нь шилжүүлэх зальжин шийдвэр гаргав. Хэдийгээр энэхүү шийдвэр албажаагүй ч нийгэмд эсэргүүцэл, шүүмжлэл хэдийнээ үүсгээд байгаа.

Хамгийн эхэнд УИХ-ын нэр бүхий гишүүд уг шийдвэрийг эсэргүүцэхээ илэрхийлсэн бол иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, уяач-өв тээгч иргэн тэр бүү хэл Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага Засгийн газрыг гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардав.

Нийгмийн бүхий л төлөөлөл хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө дуугарч буй энэ өдрүүдэд УИХ-д суудалтай, Засгийн газарт хамтарсан улс төрийн намуудаас үйлдэл бүү хэл үг ч гарсангүй.

126 гишүүнтэй байгуулагдсан парламентад шинэ үе, шинэ өнгө төрхийн төлөөлөл гэж тодорхойлж болох залуус УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэднээс шударга байдал, хүний эрхийн мэдрэмжийн хүлээлт өндөр байв. Гэвч хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө тэд дуугарсангүй. Эрх барьж буй намтай Засгийн газарт хамтрахдаа энэ мэт алдааг нь нүдээ аниад өнгөрөөнө гэж тохиролцоогүй байлтай. 

Хаврын хахир цагт 12-оос дээш насны хүүхэд хурдан морь унаж уралдаж болно гэдэг харгис шийдвэрийг эсэргүүцэн дуу хоолойгоо илэрхийлээгүй бүх гишүүнийг хүүхдийн эрхийг зөрчсөн шийдвэрийг эс үйлдэхүйгээр дэмжиж байна гэж дүгнэж болохоор. 

Шинэ залуу гишүүдээс гадна АН-ын тулхтай, туршлагатай гишүүнээс ч овилгогүй зан цухалзаж харагдсан. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хаврын морин уралдааныг эсэргүүцсэн эмэгтэй гишүүдийн зургийг тавьж байгаад тавлаж гарав. Сайн хуульч, туршлагатай улстөрч тэрбээр хүүхэдтэй холбоотой асуудалд хойрго ханддаг нэгэн болохоо харуулав.   

Магадгүй Засгийн газрын шийдвэр албажсанаар Үндсэн Хуулийн Цэцийн өмнө очихыг үгүйсгэхгүй. Ямар учраас өмнө нь гаргасан шийдвэрийнхээ эсрэг, хүний эрхийг дордуулсан шийдвэр гаргав гэдгээ Засгийн газар цэцэд тайлбарлах биз.

Х.Тэмүүжин гишүүний бичсэнчлэн Үндсэн хуулиар Засгийн газрын шийдвэрийг УИХ цуцлах эрхтэй.

Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлд

 

“1.Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна.

2.Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” хэмээн заасан байдаг.

Зарим гишүүн дээрх заалтын дагуу гуравдугаар сарын 1-нээс хурдан морь уралдуулж болох тухай шийдвэрийг УИХ хүчингүй болгочихно хэмээн харзнаж байж болох. Гэвч УИХ-ын намрын чуулган завсарласан энэ хугацаанд Засгийн газрын хууль зөрчсөн шийдвэрийг хэлэлцэх боломжгүй. Магадгүй хаврын чуулган эхлэх үеэр буюу гуравдугаар сарын дундуур энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө аймаг, бүсийн уралдаан зохион байгуулаад хүүхэд эрсдэлд орчихвол харамсаад барахгүй явдал болох биш үү.