Засгийн газраас хаврын морин уралдааныг гуравдугаар сарын 1-нээс зохион байгуулах эрхийг орон нутгийн удирдлагуудад олгосон шийдвэр гаргасныг эсэргүүцсэн УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Би 13 настайдаа морь уядаг уяаны газарт хөлөө гэмтээж байсан юм. Тэр гэмтэл даамжирсаар найман сарын дараа ясны хорт хавдар гэдэг оноштойгоор хөлөө тайруулж байсан юм.
Яагаад өөрийнхөө жишээг ярьж байна вэ гэхээр хурдан морины уралдаантай холбоотойгоор гэмтэж хөгжлийн бэрхшээлтэй болсон маш олон хүн бий. Энэ төрлийн гэмтлийг ахуйн осол гэж бүртгэдэг. Ахуйн ослоор хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн заримыг олдмол гэж нэрлэж байгаа. 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүний 10 хүн тутмын зургаа нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй болж байна.
Нийгэм нь хүртээмжгүй, ажил хөдөлмөр эрхлэх эрх нь хангалттай биш, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй байхад хүүхдүүдийг эрсдэлд оруулах шийдвэр гаргасанд харамсаж байна.
Парламентад 44 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эрхийг хамгаалах лобби бүлэг байгуулсан. УИХ-ын гурван гишүүн тутмын нэг нь энэ бүлэгт байгаа. Хэрэв хаа нэгтэй зохион байгуулагдах хаврын морин уралдаанд хүүхдийн эрх зөрчигдөх юм бол хариуцлага тооцох болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!