Зураг
Зураг
Индэр    
2025 оны 1 сарын 31
Зураг
Судлаач проф.

ДУНДАЖ ОРЛОГОТОЙ ДУНДАЖ МОНГОЛ ХҮНЭЭ Л БҮТЭЭЕ!

Зураг

Монголчууд бид хөгжиж дэвжих гэж үхэн хатан үзэлцэж байна. Сайн хэрэг. Хөгжлийн төлөө тэмүүлэл сайн хэрэг. Харин тэр гэрэлт ирээдүйдээ хүрэх арга чарга нь монголчуудад тэгшхэн заяасангүй. Үзэл бодлоор нь би тэгж дүгнэж байна шүү. Төр-засаг нь оволзтол ажиллаж, уриалж, уриалан дуудаж, халамжилж, гуйж гувшиж, гадаадаас тусламж эрэлхийлээд 30%-ийн ядуурал ба ядуурахад бэлхэн цаана нь хэдэн хувь ч байдаг юм, тэднийхээ өмнө өвдөг сөхрөхийн босгон дээр мөн л гучин хэдэн жил дэнжгэнэлээ. Одоогийн Засгийн газар ч бас өмнөхүүдийнхээ адил дэнжгэнэн байна. Өвөл гэж нэг гайтай улирал монголчуудад заяагаагүй бол үлдэх урин дулаанд нь шувтан найрлаад наадамлаад байхаас буцахгүй, ийм л зураглал харагдаад байна. 

Хөгжлийн гэрэлт ирээдүйд хүрэх арга нь Төр-засгийн хувьд ойлгомжтой. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэл нэн чухал. Гэхдээ одоогийн энэ цаг үед олборлох, ухаж гаргах, түүнийгээ урд хөршдөө тасралтгүй экспортлоод тэр их мөнгийг иргэддээ тараах. Тэгэхийн тулд эдийн засаг-санхүүгийн бодлогоо томьёолж тодорхойлох ба ард түмнээрээ ажил хийлгэж, хийсэн бүтээснээр нь орлогожуулах тухай Төрийн ямар ч өндөр албан тушаалтан бараг л аман дотроо шивнэнэ. Тун зориггүйгээр, итгэлгүйгээр. Учир нь цаадуул нь ажил хийж амь зуух анхан шатны ойлголтгүй. Гэр хорооллын төдөн айлыг гаазжуулна, орон сууцжуулж утаанаас салгана гэхчлэн Төр-засгийн “Амны бэлгээс ашдын бэлгэ” нь ядарсан иргэдийн сэтгэлийн угт шингэхээсээ өнгөрсөн. Цаадуул нь төлбөрийн ямар ч чадваргүй, зуух авах боломжгүй айлууд дэндүү олон, тэд үргэлж угаарын аюулын ирмэгт, гэтэл үнэгүй хийж өгдөг төсөв мөнгө, баялаг, хуримтлал гэж Төрд байхгүй. Хэзээ ч бүтэхгүй ажлыг бүтэх гэж байгаа юм шиг мэдээлж цацна. Төлбөрөө шударгаар төлөөд гааз хэрэглээд, шинэ сууцанд орно гэхэд мөнгөний хуримтлалгүй, хуримтлалтай болох найдваргүй мянга мянган монгол хүнээ Төр одоо яах вэ? Бэлэн зэлэн, ухаалаг, смарт хариултыг хэл дээ. Төрийн хамгийн нэгдүгээр зэргийн ажил энэ шүү. Мөнгөний хуримтлалгүй, хуримтлалтай болох найдваргүй мянга мянган монгол хүнээ Төр яах вэ?

зураг
 

Нийслэлийн иргэдийн төлбөрийн чадваргүй үлэмж олонх нь популизмын уриан дор баячуудыг сэгсэрч мөнгийг нь хуваан авах сэтгэхүйтэй. Тэс хөндлөн хэвтчихээд баячууд, олигархиудын (хулгайч улс төрчид гэж нэн ихээр ярьдаг!) хөрөнгө мөнгийг хураан авна, тэр нь ард түмний хөрөнгө хэмээн тас гүрийгээд нэг мэдэхнээ хүн болгон 137 сая төгрөгөө хулгайч нараас буцаан авах тухай тэмцлийн галд босож ирж байх шиг. Феодалын хөрөнгийг хурааж, тэгшитгэсэн улаан коммунист нийгэм байгуулахаар Коминтерны дор бадамлаж байсан 1930-аад оны Монголыг сэргээн байгуулахаар тэмцлийн замд шулуудав уу? Юу ч сэтгэхгүй болтол нь тархийг нь тэгж угаачхав уу, эсвэл өөрсдөө тэгж төрөв үү, зуун жилээр ухарч мөрөөдөх нь ямар логик байна, хариулт байна уу? Зүгээр сууж асар их мөнгөнд гэнэт хүрэх гэсэн адын бодол, тэчьяадал!

Твиттер-ээс нэг монгол жиргээчийн бичсэнийг татаад аваад ирлээ:–Халамж авдаггүй, ажлаа хийгээд амьдралаа аваад хэнд ч гай болохгүй явж байгаа мянга мянган жирийн иргэдийг эх оронч гэж боддог доо. Түүнээс биш лайваар цус ярьж цээжээ дэлддэг хэд биш шүү гэжээ.

XXI зууны дундаж монгол хүнийг мөрөөдөөд жиргэчихсэн юм биш үү? Би энэ жиргээнээс сэдэвлээд гарчгаа сонгосон ухаантай. Дундаж орлоготой дундаж монгол хүн гэж хэн юм бэ? Олон талаас нь тунгаагаад үз!

Хөндлөнгийн баримт гэе дээ. Би бол дэлхийн хэвлэлүүдээс иймэрхүү мэдээлэл олж үзэж баясаж, бас монголчууддаа нөлөөлүүлэхээр (хорыг нь маажих, ажиллахаас аргагүй болтлоо хор нь хөдлөх, шар нь гозойх!) хөнөглөдөг нэгэн байгаа юм. 2024 оны үзүүлэлт. Дундаж цалингаар дэлхийд хошуучлагч 10 улсыг нэрлэжээ. Швейцарт нь бусдаасаа тасраад явчхаж.

1. Швейцарьт дундаж цалин

8,111 ам.доллар

2. Люксембург

$ 6,633
3. АНУ $ 6,455
4. Исланд  $ 6,441
5. Норвеги  $ 5,665
6. Дани $ 5,642
7. Канад $ 5,081
8. Гринланд $ 4,665
9. Ирланд $ 4,622
10. Нидерланд $ 4,581

 

Нэр бүхий 10 улсыг хараан зүхэж, дээрэмчнээр нь дуудахыг хүлцэж болно. Гэхдээ 10-уулаа дээрмээр баяжчихсан юм биш. Тэнд хөдөлмөрийн бүтээмж нь ингэж үнэлэгдсэн хэрэг. Энэ 10 улсын жишээг манай толгой эдийн засагчид судлаад дүгнэлт хийгээд Төрдөө өргөн бариасай билээ.

зураг
 

Таньдаг залуугийнхаа постыг шууд хуулаад тавьчихлаа. Үнэн л хэлж. Ажил амьдралаасаа таашаал авахгүй бол амьдрахын утга гэж байна уу?

Хөндлөнгийн нэг судалгаа байна. Нэг зуун жилээр ухарч мөрөөдөөд тэгшитгэсэн нийгмийг хүсээд байдагт польш-шведийн иргэн, нийгэм судлаач эрдэмтэн Barbara Törnquist-Plewa ингэж хариулжээ. “Homo Sovieticus” буюу “зөвлөлт хүн”-ий зан төлөвийн дараах шинж чанаруудыг тодорхойлжээ:

  • Ёс суртахууны хувьд тогтсон үнэт зүйлгүй учир тухайн нөхцөл байдал, хүн, нийгмээс хамааран байнга өөрчлөгдөх ба хэзээ ч тогтсон үнэт зүйлтэй болохгүй.
  • Заяаны идэвхгүй, арчаагүй, Төрөөс дээрээс сурган зааварлах, чиглүүлэх үүргийг (патернализмыг) шууд хүлээн зөвшөөрдөг.
  • Үр бүтээл, гавьяа зүтгэл, мэдлэгээрээ үнэлэгдэх гэхээсээ хуваарилалт, тэгшитгэлийг хүлээдэг.
  • Бие даасан, хараат бус байдлыг эрхэмлэхээс илүүтэйгээр өөрийн бурууг тогтолцоо руу чихэх, Төрдөө гомдол гаргах, үргэлжид юм нэхэх шаардахыг эрхэмлэдэг.
  • Эрсдэл даах чадвартай болж өөрийгөө хөгжүүлэхийн оронд нийгмээсээ аюулгүй, эрсдэлгүй байдлыг шаарддаг гэх мэт.

Ийм “зөвлөлт” маягийн хүмүүс нийгэмд олшрох тусам тухайн нийгэм ардчиллаасаа ухарч дарангуй нийгэм рүү халтиран орохдоо амархан гэж онолджээ.

Феодалын хөрөнгийг хурааж, тэгшитгэсэн улаан коммунист нийгэм байгуулахаар Коминтерний дор бадамлаж байсан 1930-аад оны Монголыг мөрөөдөгчдийг энэ эрдэмтэн тодорхойлчихсон юм биш үү?

Artificial Intelligence буюу AI хөгжөөд технологийн дэвшил, инновац гүйцэгдэхгүй болсон цаг үед бид амьдарч байна. Ертөнц шал өөр болсон. Бид бахь байдгаараа баялгаа хувааж хүртэх гэж үзэлцсээр. Тэр нь мухар тэмцэл болчихсон. Гэхдээ шантардаггүй. Зүгээр сууж асар их мөнгөнд хүрэх гэсэн хорхой нь атаархал мөчөөрхөлтэйгөө холилдоод хөгжөөд байдаг. Зүгээр л дундаж орлоготой ДУНДАЖ МОНГОЛ ХҮН-ээ л буй болгож, тойлж, олшруулж, бэхжүүлж, тэд нь нийгмийнхээ олонх (цөм) болчиход л швейцарын банкны (дэлхийд зартай) захирал, тариачин хоёр нь яг ижил зиндаанд оччихсонтой адил болчих бус уу? Иймд МОНГОЛ ХҮН-ээ л хөгжүүл, хэрсүүжүүл, ажлын амтад оруул! Олуулаа биш, гурав аравны тавхан саяулаа! Төр-засгийн нэгдүгээр, хамгийн амин чухал ажил энэ шүү!

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг