Зураг
Зураг
Индэр    
Өчигдөр 10 цаг 59 минут
Зураг
Судлаач проф.

Ялтын бага хурал: Монголын тусгаар тогтнол ба Сталин багшийн гавьяа (3)

Зураг

Энэ өдрүүдэд 80 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Холбоотон гүрнүүдийн Ялтын (Крымын) бага хурлын (1945.02.04-11) талаар монголчуудын дунд гэгээтэй талаасаа тун эерэг санал сэтгэгдэл үлдсэн байдаг билээ. Ялтын (Крымын) бага хурлаар л Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан ба бага хурал дээр их багш Сталин АНУ, Британийг шахаагүй бол тусгаар тогтнож чадахгүй өнгөрөх байлаа гэх үзэл бодол нэн түгээмэл. Хэн хэнийг, бас юуг нь зөвшөөрсөн тухайд хэрэв онолын маргаан дэгдээсэнсэн бол өнөөг хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрэхгүй байсан байх биз ээ.

Монгол Улс Nation state болоод 80 жил болсон түүхээс хөндье. Nation state – Үндэстний төрт-улс (төр улс-үндэстэн). Энэ бол Монголд хожуухан орж ирсэн нэр томьёо. Улс төрийн шинжлэх ухаан, ялангуяа олон улсын эрх зүй, олон улсын харилцааны онол-түүхийн ухагдахуун. Ерөнхийд нь энэ ойлголтоор Үндсэн хуульт-эрх зүйт төрийн хэлбэр бүхий улс орнуудыг нэрлэнэ. Эрх зүйт гэхлээр өөрөө өөрийгөө эзэн мэдсэн, бүрэн эрхт тодорхой нутаг дэвсгэрийг хянадаг байгууллага бүхий, энэ нь үндэстнийх нь хүсэл тэмүүллийн илэрхийлэл болсон тийм улс орныг хэлдэг. Төр улсынх нь үндэсний онцлогийг Үндсэн хууль юм уу, түүнийг орлуулах аль нэг хуульд тусгасан байх ёстой. Бүх ард түмнээрээ нэг хэлтэй, нэг соёлтой, нэг үнэт зүйлтэй, тэд бүгдээрээ нэгдмэл нэг үндэстнийг бүрдүүлдэг, түүнийг нь институцчилсан гэхчлэнгээр зарим улсын Үндсэн хуульд бичсэн нь бий. Үндсэндээ “Үндэстний төрт-улс”-ын олон элементийг орчин үеийн бараг бүх улс хангажээ.

Энэ бол Үндэстний төрт-улс бий болох, байх дотоод гол хүчин зүйл. Энэ бүхнийг хангачихаар тэр улс аяндаа Үндэстний төрт-улс болчихож байна гэсэн үг бас биш. Тэгвэл хэзээ тэр эрх нь баталгааждаг хэрэг вэ?

Олон улсын харилцаанд “Үндэстний төрт-улсын тогтолцоо” гэж тусдаа ойлголт бий. Түүнийг “Вестфалийн систем” гэж нийтээрээ нэрлэж хэвшсэн. Европт өрнөсөн 30 жилийн дайны дүнд 1648 онд Вестфалийн энх тайвныг тогтоосон. Европ дахь энх тайвны шинэ дэг журмыг олон улсын хуулийн үүднээс баталгаажуулсан олон улсын гэрээгээр Вестфалийн энх тайвныг тэр цагаас хөдлөшгүй тогтоон мөрджээ. Аль нэг улсын төрийн эрх гэдэг нь өөрийн нутаг дэвсгэртээ эрхээ эдлэж хэрэгжүүлнэ, тусгаар тогтноно, өөрийгөө эзэн мэднэ, олон улсын зүгээс тусгаар тогтносныг нь болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй байдлыг нь хүлээн зөвшөөрч хангана хэмээн “Вестфалийн систем”-ээр тогтоожээ.

Үндэстний төрт-улс бий болох, байх гадаад гол хүчин зүйлийг дээр нэрлэлээ. Дотоод ба гадаад хүчин зүйл хангагдаж байж Nation state – Үндэстний төрт-улс (төр улс-үндэстэн) болно гэдэг нь эндээс харагдана.

Хүн төрөлхтөний түүх олон мянганыг элээсэн боловч Үндэстний төрт-улсын түүх XVII зууны дунд үеэс эхтэй болж таарлаа. Чухам Ромын Папын улс төрийн хаанчлалын үе дуусч, Ариун Ромын эзэнт гүрэн эргэлтгүйгээр нуран унаж, нийгэм-улс төрийн шинэ хүч болох хөрөнгөтний үе олон улсын тавцанд гарч ирснээр “Вестфалийн систем” ялжээ. Хожим 200 гаран жилд Европт өрнөсөн түүх энэ тогтолцоог цааш нь улам батжуулжээ. Хөрөнгөтний ардчилсан хувьсгалууд шил даран ялж, Европын национализм XIX зуунд хүчтэй тархаж, тэр нь капиталист эдийн засгийн ялалтыг хангаж, эдийн засгийн хөгжил дэвшилд Үндэстний төрт-улсууд хамгийн оновчтой ажиллаж чадахыг харуулжээ.

Аль нэг улсын төрийн эрх гэдэг нь өөрийн нутаг дэвсгэртээ эрхээ эдэлж хэрэгжүүлнэ, тусгаар тогтноно, өөрийгөө эзэн мэднэ, хамгийн чухал нь олон улсын зүгээс тусгаар тогтносныг нь болон нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг л тэр улс үндэстэн оршин тогтнох гол баталгаа болдог гэж “Вестфалийн систем” заачихжээ. Тэгж зөвшөөрөгдсөн улс үндэстнийг “Олон улсын эрх зүйн (түгээмэл) субъект” гэж нэрлэнэ. Тийм субъект болж байж л бүрэн тусгаар тогтносон улс үндэстэн болж байгаа хэрэг юм.

Хүлээн зөвшөөрнө гэдэг нь тэрхүү “Үндэстний төрт-улс” бодитой оршиж ирсэн, оршин байна, түүнийг олон улсын тавцанд өөр хэн ч төлөөлөхгүй гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, түүний илэрхийлэл болгож албан ёсны дипломат харилцаа тогтоох явдал байдаг.

Дипломат харилцаа гэдэг нь бүрэн эрхт хоёр өөр улс харилцан биенээ хүлээн зөвшөөрч албан ёсны харилцаа тогтоож буй түгээмэл хэлбэр. Хоёр өөр улс тэгэхийн сацуу олон улсын түгээмэл эрх зүйн субъект–олон улсын байгууллага, эвсэл холбоо, форум бас байж болно. Жишээ нь Монгол Улс ба Европын Холбооны хооронд гэх мэт. Олон улсын эрх зүйн хэм хэмжээ, олон улсын харилцааны практикийн дагууд л заавал зөвшөөрсөн байх ёстой. Энд албадлага, лобби, наймаа байж таарахгүй. Хоёр талаасаа сайн дураараа харилцаа тогтооно.

Дипломат харилцаа тогтоох эхний алхам нь цаад Үндэстний төрт-улс, түүний Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх явдал. Олон улсын эрх зүй өнөөг хүртэл ингэж хүлээн зөвшөөрөх хоёр хэлбэрийг мөрдөж байна. Энэ нь де-факто болон де-юре хүлээн зөвшөөрөх. Де-факто гэдэг нь бүрэн бус шинжийг агуулсан, тухайлбал цаад Үндэстний төрт-улс оршин буй бодит баримтыг үгүйсгэхгүй, гэхдээ дипломат харилцаагүй, харин ажил хэрэгч хэлхээ холбоо, худалдаа-эдийн засгийн харилцаа хөгжүүлж байсан байж болдог. Хэрэв ийм харилцаа түр зууртаа байгаа, байсан бол “ad hoc” харилцаа гэж нэрлэнэ. “Үүний тулд”, “энэ тохиолдолд” гэсэн утга бүхий үгс.

Орчин цагт “ad hoc” харилцаа тогтоох нь эрс багассан. Үлэмж түгээмэл хэлбэр нь де-юре буюу дипломатын талаас бүрэн хүлээн зөвшөөрөх хэлбэр эдүгээ ноёлож байна. Энэ нь албан ёсоор дипломат харилцаа тогтоосноо албажуулсан албан ёсны баримт бичиг үйлдэх, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн ба бусад салбарт харилцан ашигтай харилцаа хөгжүүлэх явдлаар илэрхийлэгддэг.

Дээрх түүхээр бол “Үндэстний төрт-улс” бий болох, байх дотоод гол хүчин зүйлээ монголчууд бид 1911 онд Манжаас салж тусгаарлаад хангачихсан. Энэ бүхнийг хангачихаар Монгол нь аяндаа Үндэстний төрт-улс болчхож байна гэсэн үг хэмээн харин дэлхийн II дайныг дуустал эндүүрч явснаа хожуу ч, зарим талаар одоо ч бүрэн гүйцэд ойлгож таниагүй явна.

Дотоод ба гадаад хүчин зүйл хангагдаж байж Nation state–Үндэстний төрт-улс (төр улс-үндэстэн) болно гэдгийг ойлгож таниагүйгээс монголчуудын “1937 он”-ы хар дарсан зүүд шиг яргалал, зовлон, үйл лайг дэлхий дээр мөн ч олон улс үндэстэн эдэлсэн дээ. Хамгийн ойрын жишээ Дорнод Туркестан, Түвд, Чечень, Молдовын Днестр хавийн БНУ, Нагорно-Карабах, өнөөгийн Украины Донбасс энэ лайг эдэлсэн, эдэлж байна, хойшдоо ч эдэлнэ.

Монгол нь 1911-1945 онд де-факто буюу бүрэн бус шинжийг агуулсан байдлаар хүлээн зөвшөөрөгдсөн байсан. Үндэстний төрт-улсын хэлбэрээр Монгол нь оршин буй тэр бодит баримтыг холбоотон их гүрнүүд хүлээн зөвшөөрснийг Ялтад байгуулсан хэлэлцээрт “Гадаад Монголын статус-квог хадгална” гэдгээр нэгдүгээр заалт болж орсон.

Де-юре буюу дипломатын талаас бүрэн хүлээн зөвшөөрөх хэлбэрийг 1945 онд их гүрнүүдээс хэн нь ч сонгоогүй. 1921 онд Зөвлөлт Орос ба Монголын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосон байдаг боловч хожим нь СССР нь энэ тохиролцооноосоо ухарсан мэт 1924 онд Бээжинд байгуулсан СССР ба ДИУ-ын хоорондын асуудлуудыг зохицуулах ерөнхий зарчмуудын тухай Хэлэлцээртээ Гадаад Монгол нь Дундад Иргэн Улсын (ДИУ) салшгүй нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрснөөрөө де-юре хүлээн зөвшөөрснөө де-факто болгож хувиргасан, тэр чигээрээ 1945 он хүрсэн байв.

зураг
 

Харин Ялтад томъёолсон “Гадаад Монголын статус-кво” гэдгээ СССР нь “БНМАУ-ын тусгаар тогтнол” гэж томъёолон 1945 оны зун Гоминданы Хятадад тулгаж зөвшөөрүүлжээ. 1945.08.14-нд Зөвлөлт Холбоот Улс, ДИУ-ын хооронд Найрамдал, холбооны тухай гэрээнд гарын үсэг зурсан ба гэрээг ноот дагалдсан, түүнд “БНМАУ-ын тусгаар тогтнолыг ДИУ хүлээн зөвшөөрнө” хэмээн заажээ.

Ноот дээрх заалтын дагуу Хятадын тал Гадаад Монголын хүн амаас санал асуулгах болж, тэр оны намар буюу 1945.10.20-ны өдөр тусгаар тогтнолоо баталсан санал хураалтыг монголчууд зохион байгуулж, Хятадаас эгнэгт саллаа гэдгээ нотолсон ба түүхэнд гүйцэгдсэн ДИУ де-факто Монголыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж 1946.01.05-нд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, 1946.01.13-нд дипломат харилцаа тогтоожээ.

СССР-ийн хувьд де-факто болгож хувиргасан харилцаагаа 1945 онд де-юре болгоод харин хоёр талын ямар бичиг баримтаар баталгаажуулав гэхлээр 1946.02.27-нд Москвад гарын үсэг зурсан Нөхөрлөл ба харилцан туслалцах тухай гэрээг үндэс болгов. 1936.03.12-нд Монгол, Зөвлөлтийн хооронд байгуулсан Харилцан туслалцах тухай Протоколын үйлчлэх хугацаа (10 жил) дууссан гэдэг шалтгаанаар гэрээ болгож шат ахиулсан хэмээн тайлбарлав.

Хэрэв олон улсын эрх зүйн онолыг баримтлах аваас СССР нь (залгамжлагч ОХУ) 1946 оны тэр гэрээгээр де-юре Монголыг хүлээн зөвшөөрсөн байж болох юм. Ингээд 1946 он гэхэд дэлхийн хоёрхон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улс гадаад харилцаагаа явуулж байжээ. Энд хэргээр “хоёрхон” хэмээн онцолж бичиж байна.