Ялтын бага хурлын 80 жилийн ой тэмдэглэж буй энэ өдрүүдэд Германы Мюнхен хотноо Аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал тохиож байна. Манай улс нэн идэвхтэй оролцогч нь. Энэ тухай ГХЯ-ны дипломатчид болон зарим эрдэмтэн нөхөдтэйгөө зөвлөлдөн шинэ нийтлэлээ толилуулж байна. Таалан соёрхоно уу.
Сүрлэг өндөр Альпын уулсын ар хормойд орших Мюнхен хотын тухай энд хөндөхдөө жилдээ нэг удаа, мөн өдий үед тохиодог, дэлхийн улс орнуудаас өргөн дэлгэр цугларч энх амгалан орших эрхээ ярьдаг, дэлхий нийтийн анхаарал татдаг, Мюнхен хотын (бүхэлдээ Герман орны) нэрийн хуудас болдог хурлын хүндэт индрийг ашиглан манай улс ийм амбицлаг санал (гарчигт өгүүлэв) дэвшүүлээсэй, оройтоогүй дээр нь, одоо л яг цаг үе нь мөн шүү хэмээн шийдвэр гаргагчдадаа уриалан дуудахыг хичээлээ.
Бүр 1963 оноос эхлэлтэй энэ бага хурал монголчууд бидэнд шинэхэн мэт боловч одоо нэгэнтээ ижил дасал болжээ. Анхандаа НАТО-гийн холбоотнууд цэрэг, аюулгүй байдлын асуудлаа хэлэлцдэг талбар байсан бол “Хүйтэн дайн” өндөрлөснөөр уригдах зочид, хэлэлцэх асуудал огцом өргөжиж, өнөөгийн агуулга хэлбэрээ олжээ. Бага хурлын уриа–“Яриа хэлэлцээгээр энх тайвныг цогцлооё!”, сэдэв–улс төр, гадаад бодлого, аюулгүй байдлын хамгийн тулгамдсан асуудал, оролцогчид–улс орнуудын төр, засгийн тэргүүн, сайд нар, дипломатчид, албаны төлөөллөөс авхуулаад ТББ, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид.
Ижил төрлийн хурал форумууд байдаг аа, манайханд хэдийнэ танил болсон–Шангри-Ла-гийн яриа хэлэлцээ, “Сяншань”-ий форум, Берлиний форум, “Никкэй” форум, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”–бүгд л аюулгүй байдал, энх тайван, батлан хамгаалах, гадаад бодлогын асуудлаар дагнадаг, гэхдээ Мюнхений бага хурал зохион байгуулалт, оролцогчдын тоо, түвшин, хэлэлцэх асуудлын цар хүрээгээрээ аргагүй ялгардаг юм билээ.
Туршлага гэе дээ. Мюнхений аюулгүй байдлын бага хурлыг адил нэр бүхий бие даасан Сан гардан зохион байгуулж, холбооны болон муж улсын засгийн газар тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлдэг. Албаны хатуу хэлбэрт баригддаггүй, нэгдсэн шийдвэр гаргадаггүй, төгсгөлийн баримт бичиг байгуулдаггүй, гагцхүү олон орны төлөөлөл нэг дор чуулж, санал бодлоо чөлөөтэй солилцох, тохиролцох, “түншилцэх” таатай орчныг бүрдүүлдэг нь бага хурлын нэг онцлог, нэрийн хуудас нь юм. Нэг нэгэндээ сургаал айлдах, заналхийлэх, эсвэл үл тоомсорлох бус, харин адил тэгш оролцож, харилцан ярилцах нь энэ бага хурлын баримтлах гол дүрэм болой. Гэхдээ хэн дуртай нь ирж, юу дуртайгаа чалчина гэсэн үг биш. Эцсийн дүнд аливаа асуудлыг яриа хэлэлцээ, ойлголцлын замаар шийдвэрлэх, итгэлцэл бэхжүүлэх, энх тайван, хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх, хүн төрөлхтний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөөх үнэт зүйлийг эрхэмлэх зарчимтай, үүнийгээ ч мөрдлөг болгодог. Эдгээр зарчим, үнэт зүйлд харшлах бодлого, үйлдлийн улмаас зарим улс (одоогоор ОХУ, Иран гэх мэт), улс төрийн нам хүчин (Германы альтернатив нам гэх мэт) хаалганы цаана үлдсэн гашуун сургамж жишээ бий.
Аюулгүй байдал, гадаад бодлогын нарийн, эгзэгтэй, бүр эмзэг асуудлаар чуулж, ямагт шинэлэг, сонирхолтой байлгана гэдэг амаргүй нь мэдээж. Бага хурлыг зохион байгуулахдаа бэлтгэлийг сайтар базаахуйц улс төр, олон улсын харилцаа, дипломатын мэдлэг, туршлагатай, нэр хүндтэй, нарийн мэдрэмжтэй тийм сайн менежерийн оролцоо нэн чухал. Бага хурал 60 гаруй жилийн түүхэндээ 4 дэх “тэргүүн”-ээрээ удирдуулж байна. Ойр ойрхон солиод байж болохооргүй чимхлүүр ажил гэдгийн нотолгоо нь энэ юм. 1963 онд бага хурлыг санаачилсан Эвальд Хайнрих фон Клайст, түүний залгамжлагч Хорст Тэлчик, удаахи Вольфганг Ишингэр нар энэ бага хурлыг байнгын институц болгосон гавьяатнууд бөгөөд одоогийн тэргүүн нь Кристоф Хойсген гэж эрхэм. Тэрээр Германы домогт канцлер Ангела Меркелийн гадаад бодлогын зөвлөхөөр олон жил ажилласан улс төрч, мөн НҮБ-д улсаа төлөөлөн сууж байсан туршлагатай дипломатч хүн ажгуу.
Мюнхений бага хурал цаг үеийн тулгамдсан асуудал хэлэлцэх, үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэх чухал индэр юм. Жишээлэхэд 2007 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ индрийг ашиглан өрнөдийн орнууд, НАТО-д хандсан хатуу үгс хэлж, “Хүйтэн дайн”-д СССР ялагдсан, улмаар тарж бутарсныг XX зууны геополитикийн том гамшиг гэснийг бид мэднэ. Хожим хойно хариугаа хатуухан авах болно гэсэн заналхийлэл хэмээн тэр үедээ шуугиад өнгөрсөн ч, ердөө 2008 онд Гүржид, 2014 онд Крым ба Дорнод Украинд, 2022 оноос Украинд “XX зууны геополитикийн том гамшиг”-аа эргэж нөхөх алхам руу шуудран орсныг бид харж байна. Тэгэхлээр Мюнхений бага хурлын танхимд бүс нутагт дэгдэх гашуун дайны цог битүүхэн асаж уугьж байсан нь тэр юм болов уу хэмээн олон улсын шинжээчид санал нэгтэй тэмдэглэдэг.
Бага хурал руугаа орж ярья. Хурлын хүрээнд дагалдах олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Трансперенси Интернэйшнл, Грийнпийс, Эмнести Интернэйшнл зэрэг олон улсын ТББ, олон тооны тинк-танк, судалгаа, зөвлөх үйлчилгээний компаниудын уулзалт, цуглаан, залуучуудад зориулсан хөтөлбөр гээд олныг нэрлэж болно.
Энэ 7 хоногт чуулах 61 дэх удаагийн “2025 оны Мюнхений аюулгүй байдлын бага хурал” ямар онцлогтой вэ? Мэдэгдэж байгаагаар урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээнд, ихээхэн онцлогтой байх төлөвтэй. Олон улсын харилцаа, аюулгүй байдлын орчин нэн ээдрээтэй, олон газарт дайны гал дүрэлзэж, худалдаа-эдийн засаг, технологийн давуу эрхийн төлөөх их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсэж, хамгийн эрсдэлтэй нь цаашдын хандлагыг нь урьдчилан таамаглахад нэн бэрх байна. Талцал хуваагдал гүнзгийрч, шинэ “Хүйтэн дайн”, олон улсын харилцааны тогтолцооны өөрчлөлт шинэ гараан дээрээ ирлээ гэх таамаг дэвшүүлцгээж байна. Бага хурлаас цаг үеийн олон асуудлын хандлага тодорно, магадгүй учиг тайлагдана, эсвэл зангидагдан чангарах эхлэл тавигдахыг үгүйсгэхгүй. Хурц асуудал овоорсноор нь би тэгж дүгнэж байна.
2024 он дэлхий дахиныг хамарсан их сонгуулийн жил болсон, дэлхийн хүн амын талаас илүү нь ямар нэг шатны сонгуульд оролцсон. Мэдээж сонгуулийн дүнд олон шинэ удирдагч тодорсон. Тэд энэ удаагийн чуулганд очиж, байр сууриа илэрхийлцгээнэ. Түүнчлэн зохион байгуулагч Германд хоёрхон 7 хоногийн дараа Бундестагийн сонгууль тохионо. Бас л сонирхолтой түүх өрнөх байх.
Дэлхийн их гүрний статусаа хараахан алдаагүй байгаа АНУ-д шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөөд сар болох дөхөж байна. Гэхдээ Трамп өөрөө бус, харин Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, ТНБД М.Рубио, Орос-Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кейт Келлог нараа хуралд илгээхээ мэдэгдээд байна. Трампын багийн анхны том айлчлал гэх үү дээ.
Бага хуралд гадаад улс орны 60 гаруй төр, засгийн тэргүүн, 150 орчим сайд хүрэлцэн ирэхээр байгаа нь урьд өмнө байгаагүй өндөр оролцоо болох юм. Бага хуралд өмнөх жилүүдийн адилаар ОХУ-д урилга илгээгээгүй. Илгээсэн ч ОХУ-ын эрх баригчид тийшээ очихыг тэгтлээ шимтэхгүй, тэд ичих нүүртэй. Тусгаар тогтносон Украины газар нутгаас салгаж авч албажуулах болзолтой яриа хэлэлцээгээ Кремлиэс тулгаж байгаагаас болж ОХУ-ыг урихгүй гэж хатуу шийдсэн бол харин Украины Ерөнхийлөгч В.Зеленскийд урилгын дагуу очно. Ноднин ч очсон. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайер, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон Дер Лайен, Европын Парламентын Ерөнхийлөгч Р.Мецола, Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Антонио Кошта, Европын Холбооны Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Каллас, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, НАТО-гийн ЕНБД Марк Рутте гээд нэрс хөвөрч байна. Олныг нэрлэж болно доо.
Бага хуралд бүх тивийн төлөөлөл ирэх тул яриа хэлэлцээний сэдэв маш өргөн. Уламжлалт болон уламжлалт бус аюул, түүний дотор уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун, ядуурал, түүхий эдийн төлөөх тэмцэл гээд өргөн сэдвээс хамгийн хурцхан нь Орос-Украины дайн, Ойрхи Дорнод, Сирийн асуудал, Суданы дүрвэгсэд, Гаитийн хямрал, Венесуэл, Афганистаны асуудал гээд олон чухал сэдэв нээлттэй буй.
Норвегийн Ерөнхий сайд, НАТО-гийн ЕНБД асан ноён Йенс Столтенберг Мюнхений аюулгүй байдлын бага хурлын даргын албыг энэ хурлаар хүлээн авахаар төлөвлөж байтал 7 хоногийн өмнө Норвегийн Сангийн сайдаар томилогдсон тул хурлын даргын ажлыг хүлээн авахаа түр хойшлуулжээ. Мюнхений аюулгүй байдлын хурлын Сангийн удирдах зөвлөл түүний оронд шинэ хүн дэвшүүлэхгүй, зөвхөн Столтенбергийг хүлээхээр шийдсэн нь даргын суудалд туршлага, нэр хүнд ямар их ач холбогдолтой болохыг илтгэн харуулж байна.
Манай улсын хувьд бага хуралд тогтмол оролцож, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогоо сурталчилж, олон талт ба хоёр талт яриа хэлэлцээ өрнүүлж ирсэн. Дан ганц аюулгүй байдлын асуудлаар хязгаарлахгүй, энэ чухал индрийг ашиглан улс орнууд гадаад харилцаагаа урагшлуулах боломж гарц бүхнийг овжин олж харж хэрэгжүүлж ирсэн нь мэдээж. Монголын Дипломат алба ч энэ жишгээс хоцроогүй, Мюнхенд үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн, одоо ч тийм байгааг тэмдэглэхийн сацуу гарчигт дэвшүүлсэн саналаа тайлбарлая.
Монгол бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улс, дэлхийн бүх улс орнуудтай найрсаг харилцаатай, “Энх тайвны бэлгэ тэмдэг улс” гэсэн олон улсын имижтэй, НҮБ-д нэр хүндтэй, олон улсын харилцаа хэт туйлширч хуваагдсан энэ цаг үе дор чухам жижиг бага Монгол л том гүрнүүдийн зөрчлийг шийдвэрлэхэд дуу хоолойгоо өргөж энх тайванч санал дэвшүүлэх боломжтой гэдгээ харуулах цаг болжээ хэмээн бодогдоно. Нэгэнтээ Төвийг сахисан Швейцараас дутах юм юу байна гэж амбицлах нь энэ цаг үеийн манай гадаад бодлогын нэг чухал сэжим сэжүүр байгаасай гэсэндээ бичиж байна.
Түүх сөхвөл 1974 оны 11 дүгээр сарын Сибирийн хахир хүйтэнд, хөр цасан дунд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Фордыг урьж, цаг үеийн нөхцөл байдал, дэлхий дахины байдал Сибирийн хахир хүйтэн өвөл шиг байна хэмээн ойлгуулан дипломат яриа хэлэлцээ амжилттай явуулсан тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын туршлага бэлхнээ байна. Монголын хахир хүйтэн өвөл, утаа униар, хөр цас, хөвчийн уулсыг мэдрүүлсэн олон талт дээд хэмжээний уулзалтыг санаачилбал ямар вэ? Трамп, Путиний уулзалтыг хүлээн авахад бэлэн хэмээн Швейцарь зарлаад амжсан бол Энх тайвны бэлгэ тэмдэг Монгол маань дайтагч хоёр улс–ОХУ, Украин болон дайныг нь үтэр түргэн дуусгах амаржуулна хэмээх уриатай Трампыг мөн, дэлхийн бодлогод нөлөө бүхий өмнөд их хөршийн Төрийн тэргүүн Ши Жиньпин нарын дөрвөлсөн саммитыг Улаанбаатарт хүлээн авахад бэлэн байна гэсэн үгсийг Мюнхений аюулгүй байдлын бага хурлын индрээс цуурайтуулбал ямар вэ?