Лхагва гарагийн орой АНУ-ын нийслэл Вашингтон хотын нисэх буудалд иргэний агаарын тээврийн нисэх онгоц, цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан билээ.
Үүний улмаас онгоц, нисдэг тэрэг хоёул Вашингтон хотын дундуур урсдаг Потомак голын усанд унасан юм.
Ослын улмаас онгоцонд зорчиж явсан 64 хүн, нисдэг тэрэгний гурван нисгэгч, нийт 67 хүн бүгд амь үрэгдсэнийг албаныхан өчигдөр орой мэдээлжээ.
Тухайн үед Рейган Вашингтон Үндэсний Нисэх Буудлын агаарын хөдөлгөөний хяналтын систем хэвийн биш ажилласан нь осол гарахад нөлөөлсөн гэх урьдчилсан дүгнэлтийг АНУ-ын Холбооны Нислэгийг Удирдах Газар гаргасан байна.
Өөрөөр хэлбэл нисэх буудлыг дайран өнгөрч байсан армийн нисдэг тэрэг, газардах гэж байсан онгоц хоёрт өгсөн зааварчилгаа тэднийг хооронд нь мөргөлдүүлсэн бололтой.
Тухайн үед American Airlines компанийн охин компани PSA Airlines компанийн Bombardier CRJ700 загварын 5342 аяллын дугаартай нисэх онгоц Канзас мужийн Вичита хотоос Вашингтонд ирээд буух гэж байжээ.
Ослын улмаас энэ онгоцны эх бие гурав хуваагдаж, мөстөж зайрмагтсан Потомак голын усанд унасан байна.
Виржиниа мужийн Форт Бэлвоир дахь агаарын баазаас хөөрсөн UH-60 Black Hawk армийн нисдэг тэргээр гурван алба хаагч дадлага сургуулилалтын хуваарьт нислэг үйлдэж байжээ.
Уг осол нь АНУ-ын сүүлийн 16 жилийн түүхэнд гарсан хамгийн том агаарын тээврийн осолд тооцогдож байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөөд удаагүй байгаа Дональд Трамп энэхүү осолд өмнөх засаг захиргааны үед хэрэгжүүлж байсан “нийгмийн олон янз байдлын хүмүүсээр ажиллах хүчнийг бүрдүүлэх” (diversity) бодлогыг буруутгажээ.
Өөрөөр хэлбэл Ардчилсан Намын ерөнхийлөгч Обама, Байден нарын засаглалын үед мэргэжлийн ур чадварыг хоёрдугаарт тавьж, нийгмийн олон янзын гарал үүсэлтэй хүмүүсээр ажиллах хүчнийг жигд бүрдүүлэх бодлого барьж байсны алдаа гэж тэр үзсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Трамп холбооны засаг захиргааны боловсон хүчний бодлогоос DEI (Diversity, Equity, Inclusion) хөтөлбөрүүдийг хасах захирамж гаргаж байв.
Осолдсон онгоцонд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Вичита хотод зохион байгуулагдсан АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчид, дасгалжуулагчид, тэдний гэр бүлийнхэн зорчиж явжээ.
Тэдний дунд дэлхийн аварга асан орос тамирчин хос Евгения Шишкова, Вадим Наумов нар байсныг Оросын төв хэвлэл мэдээлсэн байна.
Тэд 1994 онд уран гулгалтын хосын төрөлд дэлхийн аварга болсон ч тухайн онд болсон Лиллехаммерын өвлийн олимпоос медаль зүүх боломжоо цөөн онооны зөрүүгээр алдаж байжээ.
Үүний дараа тэд АНУ-д цагаачилсан юм.
Энэ ослоос өмнө 2009 оны хоёрдугаар сард Нью Йорк мужийн Буффало хотод ослын буулт хийх үедээ United Airlines компанийн дотоодын нислэгийн онгоц сүйрэхэд онгоцонд зорчиж явсан бүх 49 хүн болон онгоцонд мөргүүлсэн амины орон сууцны нэг оршин суугч амь үрэгдэж байв.
1982 онд Air Florida компанийн онгоц Потомак голд унаж сүйрэхэд 78 хүний амь үрэгдэж байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!