Уншиж байна ...

ЦУОШГ: Өнгөрсөн онд хүчтэй салхи шуурганы үзэгдэл хамгийн олон бүртгэгдсэн. Хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы давтамж цаашид нэмэгдэнэ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 35 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 онд Монгол оронд ажиглагдсан цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Өнгөрсөн оны: 

  • 1,2 дугаар сард салхи шуурга ихтэй. Алтайн уулсаа дагаад халуун, хуурай салхи буюу фён салхи ажиглагдсан тохиолдол дөрвөн удаа бүртгэгджээ.

Фен салхи гэдэг нь салхины дээд талд үүссэн үүлнээс бороо орж болох бөгөөд үүний үр дүнд агаарын чийг агуулалт буурна. Хэрэв үүлний бүх усан дусал бороо болж унаж дууссан бол агаар уул давхаргад хуурай адиабатаар уруудна. Ингэхэд салхин доод тал руу буусан агаар анх салхин дээд талд ирснээсээ илүү дулаан, хуурай болно. Энэхүү уулын салхи доод талын хажуу руу буух дулаан, хуурай агаарын урсгалыг хэлдэг байна. 

  • 6,7 дугаар сард дуу цахилгаантай, ширүүн аадар бороо орсны улмаас уруйн үер бууж, улс нийгэмд ихээхэн хэмжээний хохирол учирсан байна. 
  • Наймдугаар сард харьцангуй тогтвортой байсан.
  • Есдүгээр сарын сүүлээр говь болон зүүн аймгуудын нутгуудаар үргэлжилсэн их бороо болон нойтон цас орж байгаль цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлүүд бүртгэгджээ. 
  • 10, 11, 12-р саруудад цаг агаар тогтвортой байсан. 

Өнгөрсөн онд хүчтэй салхи шуурганы үзэгдэл хамгийн олон бүртгэгджээ 

Өнгөрсөн онд 104 удаагийн байгаль цаг уурын аюулт, гамшигт үзэгдлийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос бага байгаа ба хүчтэй салхины үзэгдэл 28 удаа буюу хамгийн олон бүртгэгджээ. 

2024 онд бүртгэгдсэн аюулт үзэгдлийн тоо: 

Дээрх цаг уурын аюулт, гамшигт үзэгдлийн тохиолдлын улмаас улс нийгэмд гурван тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Ой хээрийн түймрийн улмаас нэг тэрбум төгрөгийн хохирол учирчээ. 

2024 онд аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ: 

Өнгөрсөн онд их хэмжээний болон аадар бороо, уруйн үерийн улмаас хамгийн их хохирол учирчээ 

Фронтын гаралтай буюу их хэмжээний газар нутагт удаан хугацаагаар үргэлжилдэг цочир хүйтрэл, их бороо, хүйтэн бороо, их цас, нойтон цас, хүчтэй салхи зэрэг үзэгдэл өнгөрсөн онд: 

Эдгээр үзэгдлүүд нь удаан үргэлжилбэл хөдөө аж ахуйн салбарт ихээхэн хэмжээний хохирол учруулдаг ба өнгөрсөн онд фронтын гаралтай үзэгдлүүдээс болж улс нийгэмд 2 тэрбум 28 сая 386 мянган төгрөгийн хохирол учирчээ.

Өнгөрсөн жил хамгийн их хохирол учруулсан фронтын гаралтай аюултай үзэгдэл нь их бороо байсан бөгөөд тухайлбал долдугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө Архангай, Булган, Сэлэнгэд үргэлжилсэн бороо орж дээд тал нь 60 мм хүрчээ. Борооны улмаас зарим улсын чанартай авто замууд эвдэрч сүйдсэн байна. 

Мөн их бороо, нойтон цас есдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө говь болон зүүн аймгуудаар их бороо, нойтон цас орж, дээд тал нь Сүхбаатар аймагт 32-75 мм их бороо, нойтон цас орж айл өрхүүд усанд автан зам, даваа гөвөөд халтиргаа гулгаа үүсэж, улсын чанартай авто замуудад эвдрэл гарчээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 он. Наймдугаар сарын 29 

Конвекцын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл буюу бага газар нутагт маш хүчтэй болдог аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, уруйн үер өнгөрсөн онд: 

Уруйн үер, аадар бороо, аянга цахилгаан нь нийт конвекцын гаралтай үзэгдлүүдээс хамгийн их хувийг эзэлж улс нийгэмд 1 тэрбум орчим төгрөгийн шууд хохирлыг учруулжээ. 

Өнгөрсөн жил хамгийн их хохирол учруулсан фронтын гаралтай аюултай үзэгдэл нь аадар бороо, уруйн үер байсан бөгөөд 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн нутгаар дуу цахилгаантай ширүүн аадар бороо орж уруйн үеэр бууснаас улсын чанартай авто зам эвдэрч, Мөрөн хот, Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон чиглэлийн авто замаар хөдөлгөөн хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ. 

Сүүлийн жилүүдэд дулаарлын нөлөөгөөр манай орны хувьд конвекцын гаралтай аюулт, гамшигт үзэгдлүүдийн давтамж нь илүү эрчимтэй өсөж, орон зай, цаг хугацааны хувьд өөрчлөлт орж, эрч хүч нь ихсэх хандлагатай бөгөөд учруулах хохирлын хэмжээ сүүлийн 20 гаруй жилд хоёр дахин нэмэгдсэн байна. 

2001-2024 онд аюулт, гамшигт үзэгдлийн улмаас 599 хүн амь эрстэж, 29 сая 780 мянган мал хорогдож, ₮844.1 тэрбумын хохирол учирчээ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 он. Хоёрдугаар сарын 22

Өнгөрсөн онд бороо хур багатай байсан учир 137 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдэж, 1 тэрбум 674 сая 144 мянган төгрөгийн шууд хохирол гарсан байна. 

2001-2024 онд цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн улмаас 599 хүн амь эрстэж, 29 сая 780 мянган мал хорогдож, 844.1 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

2001-2024 онд аюулт, гамшигт үзэгдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ, нас барсан хүний тоо: 

1990 оноос хойш аюулт үзэгдлийн давтагдлын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Сүүлийн 20 жилийн байдлаар Монгол орны хэмжээнд хүчтэй салхи, шороон шуурга, цасан шуурганы давтамжийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул иргэд цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг ЦУОШГ-аас зөвлөлөө. 

Сүүлийн 20 жилийн байдлаарх хүчтэй салхины давтагдал, салхи шуурганы улмаас нас барсан хүний тоо: