Уншиж байна ...

АНУ-ын засаг захиргаа өнөөдрөөс Канад, Мексикт 25 хувь, Хятадад 10 хувийн импортын татвар хэрэгжүүлж эхэлнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа өнөөдөр буюу Бямба гарагаас эхлэн Канад, Мексикийн бүх бараа бүтээгдэхүүнд 25 хувь, Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн импортын татвар нэвтрүүлэх болсныг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр зарлажээ.

“Ерөнхийлөгч маргаашаас эхлэн олон арван сая Америкчуудын аминд хүрч буй фентанилыг манай улсад хууль бус замаар нэвтрүүлэх боломж олгож буй Мексик, Канад улсуудад 25 хувь, Хятад улсад 10 хувийн импортын татвар нэвтрүүлэх гэж байна” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Дээрх гурван улс АНУ-ын нийгэмд хор хохирол учруулж буй асуудлыг шийдвэрлэхэд туслалгүй олон жил болсон тул Трамп үүнийг засварлах зорилтыг сонгуулийнхаа нэг гол амлалт болгосныг тэр нэмж тайлбарлажээ.

Фентанил нь морфинтой төстэй өвчин намдаах үйлчилгээтэй бодис юм. Гэхдээ морфиноос 100 дахин илүү нөлөөтэй тул мансуурах зорилгоор ашиглах явдал түгээмэл байдаг.

Фентанилаас гадна хууль бус цагаачдын урсгалыг хязгаарлах арга хэмжээ авахгүй байгаад Трампын засаг захиргаа хоёр хөршөө буруутгасан байна.

Дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэх ажилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарах хүртэл импортын татвар хэвээр үйлчлэхийг Левитт мэдээлжээ.

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо саяхан АНУ-ыг импортын татвараа буулгах хүртэл “бууж өгөхгүй” гэж мэдэгдэж байв.

Тиймээс АНУ-Канадын хооронд худалдааны дайн эхэлж байгаа эсэхийг асуухад Левитт “Би тэгж бодохгүй байна. Ерөнхийлөгч ноён Трюдогийн мэдэгдэлд цаг тухайд нь хариу өгөх байх гэж бодож байна. Жастин Трюдо олон нийтэд ийм хачирхалтай мэдэгдэл хийхээсээ өмнө ерөнхийлөгч Трамптай шууд ярилцах нь ухаалаг хэрэг болох байх” гэж хариулжээ.

Мексик, Канад, Хятад улсууд бол АНУ-ын хамгийн том худалдааны түншүүд юм. 2023 оны байдлаар энэ гурван улсын АНУ-тай хийсэн нийт худалдааны хэмжээ $2.1 их наядыг давжээ.

Зарим мэргэжилтнүүд Трампын энэ алхам Америкийн иргэдийн худалдан авах чадварыг муутгаж, инфляцыг өсгөж болзошгүйг анхааруулж байгаа.

Канад, Мексикээс ихэнх түүхий эдээ импортолдог АНУ-ын авто үйлдвэрлэлийн салбар ялангуяа энэ алхмын улмаас хүнд байдалд орж болзошгүй гэж үздэг.

Өчигдрийн мэдэгдлээс өмнө Канад, Мексик улсуудын эрх баригчид Трампын арга хэмжээнд ижил хариу барихаа анхааруулж байсан юм.

Трампын эхний засаг захиргааны үед Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд 7.5-аас 25 хүртэл хувийн татвар оногдуулж байсан.

Импортын татвар нь Америкчуудын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх эсэхийг асуухад Левитт “Ерөнхийлөгч инфляцыг бууруулж, Америкийн ард түмний өртөг зардлыг бууруулахын зэрэгцээ импортын татварыг үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: Reuters