Уншиж байна ...

Японы авто зам дээр үүссэн нүх улам томорч, дотор нь унасан жолоочийг аварч чадаагүй байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт Японы Сайтама мужийн нутагт оршдог авто замын уулзварт томоохон нүх үүссэний улмаас гурван тоннын даацтай ачааны автомашин 74 настай жолоочийн хамт дотор нь унасан юм.

Жолоочийг аврах ажиллагаа дөрвөн өдөр үргэлжилсэн ч амжилт олоогүй байна.

Баасан гарагийн байдлаар нүх анхныхаа хэмжээнээс дөрөв дахин томорч, 40 метрийн өргөнтэй болжээ.

“Нүх өдөр бүр томорч, хөрс нь дотогшоогоо нурж буй тул аврах ажиллагааг улам хүндрүүлж байна” гэж Сайтама мужийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Аврагчид өргөгч кран ашиглан автомашины нэг хэсгийг нүхнээс гаргаж чадсан ч жолоочийг олоогүй байгаа ажээ.

Замын доор оршдог бохирын шугам зэвэрч муудсанаас хөрс суларч, нүх үүссэн байж болзошгүй гэж мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэж байгаа.

Муудсан шугамаас бохирын шингэн алдагдаж, ойр орчмынхоо хөрсийг эвдсэн гэж таамаглаж байна.

Нүх улам томорч буй тул эрх баригчид ойролцоо амьдардаг хоёр зуу орчим айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ.

Бас энэ бүсэд амьдардаг 1.2 сая иргэнд усны хэрэглээгээ багасгах зөвлөмж өгсөн нь бохирын алдагдал хөрсний нуралтыг улам нэмэгдүүлэхээс сэргийлэх зорилготой арга хэмжээ байв.

Япон улсын газар, дэд бүтэц, зам тээврийн яам Сайтама болон бусад зургаан мужийн бохирын шугам хоолойнуудыг яаралтай шалгах ажлыг эхлүүлснээ өчигдөр мэдээлжээ.

Шалгалтад хамрагдсан бүс нутгуудад нийтдээ 39 сая хүн оршин суудаг юм байна.

Японы ихэнх дэд бүтэц дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засгийн үсрэнгүй хөгжил тохиосон 1960-1970-аад оны үед байгуулагдсан байдаг.

Тухайлбал Сайтама мужийн бохирын шугам хоолойн дэд бүтэц 42 жилийн настай юм байна.

 

Эх сурвалж: CNN