Уншиж байна ...

Латви-Шведийн усан доорх кабелийг гэмтээсэн байж болзошгүй хөлгийг Норвеги улс саатуулжээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Балтийн тэнгисийн усан доогуур Латви, Швед улсуудыг холбодог шилэн кабелийг ноцтой гэмтээсэн хэрэгт сэжиглэгдэж буй хөлгийг Норвегийн эрх баригчид саатуулжээ.

Саатуулагдсан “Silver Dania” хөлөг нь Норвегид бүртгэлтэй, Норвегийн эзэмшилтэй боловч Оросын иргэдээс бүрдсэн баг ажиллуулдаг юм байна.

Латвийн засгийн газрын хүсэлтээр Пүрэв гарагийн орой хөлгийг тэнгист саатуулж, Баасан гарагийн өглөө Норвегийн хойд бүсийн Тромсо боомтод хүргэжээ.

Орон нутгийн цагдаагийн байгууллага хөлөг дээр нэгжлэг явуулж, хөлгийн багийнхнаас мэдүүлэг авч эхэлснээ мэдээлсэн байна.

Тус хөлөг Оросын Санкт-Петербург хотоос Мурманск хотын чиглэлд аялж байжээ.

зураг
 
`Silver Dania` хөлгийн аяллын зураг

Хөлгийг эзэмшигч Норвегийн Silver Sea ачаа тээврийн компани шилэн кабелийг гэмтээсэн үйлдэлтэй холбоогүйгээ мэдэгдсэн байна.

“Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж, бид эрх баригчидтай хамтран ажиллаж байна” гэж Silver Sea группийн гүйцэтгэх захирал Тормод Фоссарк мэдэгджээ.

“Silver Dania” хөлөг нь өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд Балтийн тэнгисийн усан доор оршдог дэд бүтцийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан хоёр дахь хөлөг болж байна.

Ням гарагт Шведийн ерөнхий прокурорын газар Швед, Латви улсуудыг холбодог харилцаа холбооны кабелийг гэмтээсэн байж болзошгүй бас нэг хөлгийг саатуулсан юм.

2022 оны сүүл үеэс хойш Балтийн тэнгисийн усан доор оршдог эрчим хүч, харилцаа холбоо, хий дамжуулах дэд бүтцүүд дараалан гэмтэх болсныг бүс нутгийн улсууд Оросын талаас явуулсан хорлон сүйтгэх ажиллагааны үр дүн байж болзошгүй гэж сэжиглэдэг.

Үүнтэй холбоотойгоор саяхан НАТО өөрийн хөлгүүдийг Балтийн тэнгисийн дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах ажилд ашиглаж эхэлсэн юм.

Оросын эрх баригчид хорлон сүйтгэх ажиллагаа явуулснаа үгүйсгэдэг.

Өнгөрсөн долоо хоногт Лондон дахь ОХУ-ын элчин сайдын яам “Оросын аюул занал гэсэн зохиомол шалтаг үүсгэн Балтийн тэнгист хүчээ нэмэгдүүлж байна” хэмээн НАТО-г шүүмжилсэн юм.

 

Эх сурвалж: CNN