Уншиж байна ...

Умард Солонгосын цэргүүдийг Курскийн фронтоос татсан байж болзошгүйг Украины тал мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Их хэмжээний хохирол амссан Умард Солонгосын цэргүүдийг ОХУ-ын Курск мужийн нутаг дахь тулааны талбараас гэдрэг татаж эхэлсэн байж болзошгүйг Украины зэвсэгт хүчин Баасан гарагт мэдээлжээ.

Украины арми өнгөрсөн оны наймдугаар сард Курск мужийн нутагт гэнэт довтлон багагүй хэмжээний газар нутагт хяналтаа тогтоосон юм.

Эндээс Украины цэргийн хүчийг хөөн гаргах тулаанд Оросын армитай хамт оролцуулахаар Умард Солонгосын дэглэм 10,000 гаруй цэргээ илгээсэн гэж Өрнөдийн тагнуулын байгууллагууд үздэг.

Курскийн довтолгоо нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Оросын нутаг дэвсгэрт гадаад орны зэвсэгт хүчин халдсан анхны тохиолдол болсон юм.

“Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд бид Умард Солонгосын цэргүүдийг ганц ч удаа харсангүй, тэдэнтэй ганц ч удаа тулгарсангүй. Их хэмжээний хохирол амссан учраас тэднийг тулааны талбараас гэдрэг татсан байх гэж бид бодож байна” гэж Украины армийн Тусгай Ажиллагааны Хүчний хэвлэлийн төлөөлөгч Олександр Киндратенко өчигдөр мэдээлжээ.

Украины тал өмнө нь Умард Солонгосын хэд хэдэн цэргийг олзолсон болон устгасан тухайгаа мэдээлж байсан юм.

Тэд шархдаж, баригдах үедээ гар бөмбөг тэсэлж, өөрийгөө устгадаг тул амьдаар олзлоход хэцүү байдаг тухай Украины албаныхан ярьж байв.

Умард Солонгосын цэргүүдийг гэдрэг татсан эсэхийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос сэтгүүлчид асуухад “Үнэн, худал маш олон мэдээлэл тарж байна. Энэ бүгдэд тайлбар өгөх шаардлагагүй” гэж хариулжээ.

Москвагийн эрх баригчид Украины дайнд Умард Солонгосын цэргүүд оролцож байгааг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй, бас үгүйсгэдэггүй.

Одоогоор Украины хяналтад байгаа Курскийн газар нутагт Оросын 2,000 орчим иргэн оршин сууж байгаа гэсэн мэдээлэл бий.

Тэд фронтын шугамын нөгөө талд байгаа төрөл төрөгсөдтэйгөө холбоо тасраад удаж байгаа.

Украины арми Курскийн нутаг дэвсгэрт хяналтаа алдалгүй тэсэж байгаа ч фронтын өөр хэсэгт Оросын арми довтолж байгаа тухай мэдээ ирсээр байна.

Тухайлбал өчигдөр Оросын арми Донецк мужийн Нововасилевка тосгоныг эзэлснээ зарлажээ.

Энэ тосгон нь бүс нутгийн чухал төв Покровск хотоос холгүй оршдог.

Орос улс 2022 онд дорнод Украины Донецк мужийг өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэснийг зарласан ч өнөөдрийг хүртэл бүрэн хяналтаа тогтоож чадаагүй байгаа юм.

 

Эх сурвалж: AFP